Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ талаар Засгийн газраас мэдээлэл хийв.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өргөн мэдүүллээ. Уг саналд
-УИХ нэг танхимтай байна.
-УИХ-ын гишүүдийн 76 нь можаритор тогтолцоогоор, 76 нь пропорциональ аргаар сонгоно гэж өөрчлөх саналыг өргөн мэдүүлж байна.
Засгийн газрууд хэт үрэлгэн, хөгжлийн бодлогоо гол чиг шугам болгож чаддаггүй нь сонгуулийн дан ганц можаритор тогтолцооноос хамааралтай байсан. Засгийн газраас өнөөдөр барьсан төслөөр 50 хувь нь можаритор, 50 хувь нь пропорциональ тогтолцоогоор сонгууль явагдах онцлогтой.
...УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монголын Улсын парламентын сонгуулийг шинэ түвшинд гаргах том давуу талыг бий болгоно. Сонгуулийн дан тогтолцоо хэрэглэж ирсэн хөгжингүй улсууд бол хөгжлийн шинэ түвшинд гарах, иргэдийн санал гээгдэхгүй байх зарчмыг үүднээс сонгуулийн тогтолцоог өөрчилдөг. Монгол Улсын хувьд сонгуулийн тогтолцоог шинэ шатанд гарах буюу холимог тогтолцоогоор явуулах эхлэлийг тавьж байна.
УИХ-ын гишүүдийн тоо 76 байгаа нь хэт цөөн гэдгийг олон нийт, судлаачид олон өнцгөөр тайлбарладаг. Монгол Улс ардчилсан улсын хувьд бүх талын төлөөллийг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог бий болгох эрх баригчдын үндсэн үүрэг. Төлөөлөлд эр, эм хүйсийн тэнцвэрийг дурдаж болно. Нийгмийн томоохон бүлгүүдийн төлөөллийг парламентад орох нөхцөлийг бүрдүүлснээр төлөөллийн зарчим хангагдана.
Малчид, эмч, багш, сэхээтэн, залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг УИХ-д орох боломжийг бий болгож байгаа нь Засгийн газрын өргөн барьсан төслийн бас нэг онцлог юм.
Парламентын засаглалтай улсуудын гишүүдийн тооны дундаж 150-аас дээш байгаа олон улсын харьцуулалтыг судалсан. Парламентын гишүүн цөөн байхаар эрх мэдэл төвлөрдөг. Эрх мэдэл төвлөрөхөөр олон сөрөг тал гарах магадлалтай" гэсэн байр суурийг илэрхийллээ.