Төрийн байгууллагууд татвар төлөгчдийн хөрөнгө болон төрийн өмчийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх ШИЛЭН дансны мэдээллийг цувралаар хүргэж байна.
Энэ удаад М.Баяраа төсвийн захирагчтай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дөрөвдүгээр сард хичнээн төгрөгийн зарлага гаргасан талаарх мэдээллийг хүргэе. Өнгөрсөн сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Наран, Морин, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгүүдэд хөрсөөр дарж булах ажилд 432 сая төгрөг зарцуулжээ. Ингэснээр төсвийн жил эхэлснээс хойш дээрх хогийн цэгүүдэд хог дарж булах ажилд ТЭРБУМ гаруй төгрөг зарцуулаад байна.
Нийтийн бие засах газар, био 00-ийн ашиглалтын зардалд 60 сая төгрөг, борооны болон хөрсний ус зайлуулах насос станцын ашиглалт, засвар үйлчилгээний ажилд 98 сая төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж талбай цэвэрлэхэд 800 гаруй сая төгрөг, эзэнгүй нохой, муур устгалд 62 гаруй сая төгрөг, гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог хаягдлын үйлчилгээ, хотын гэрэлтүүлгийн байдлыг хянахад 25 сая төгрөг, хот нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг иргэдэд сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгт 17 сая төгрөг, Хувьсгалчдын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын хүрээнд цутгамал хүрэл металл хийцтэй гар урлал бүхий түшлэгтэй сандал, гэрэлтгүүлгийн шон, усны цорго хийхэд 100 гаруй сая төгрөг, Д.Сүхбаатарын талбайн явган замыг засварлахад 5 сая төгрөг, 3R4UB төслийн таван ажилчны томилолтын зардал 43 сая гээд нийт 56 төрлийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээг хийжээ.
Уншиж байна |