УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Дэлхийн ураны нөөцийг хоёр хувийг Монгол Улс эзэмшдэг. Удахгүй ТАВАН хувьд хүрнэ. Ураны ордуудаа ашиглах хэрэгтэй. Мардайн ордыг оросуудад өгөх хэрэгтэй, "Эмээлт майнз" компаниаар дамжуулан хэд хэдэн ордод хятадууд ороод явна биз. Улаанбадрахын ордыг Францууд гээд цаашаа АНУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван оронд эрх ашгийг хангаад өгчих хэрэгтэй. Ингэж байж атомын цахилгаан станц ашиглах эхлэлээ тавина.
Атомын цахилгаан станц барина гэхээр цөмийн хаягдлын талаар ярина. Хоёр хөрш цөмийн хаягдал өөрсдийнхөө нутаг дэвсгэрт байршуулчихаад байж байна гэж байхгүй шүү дээ. Энэ бол эрчим хүчний хараат бус байх бодлогын эсрэг л явуулж байгаа зүйл. Нэг кг уранаас гаргаж байгаа эрчим хүч нэг сая нүүрснээс гаргаж байгаа эрчим хүчтэй тэнцэнэ. Ийм сайхан боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Нэг доллар зарцуулаад 3 долларын ашиг олох төсөл рүү бид өнөөдрийг хүртэл орохгүй байна. Улаанбадрахын ордыг ашиглалтад оруулаад бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хийгээд ядаж л 300 мВТ-ийн цахилгаан станцтай болох хэрэгтэй. Тэр чинь нэг портер дээр л багтана. Ингэж хөгжсөн байна шүү дээ. Улаанбаатараас нилээн зайтай бариад тэндээсээ эрчим хүчээр нийслэлчүүдийг тэр чигээр нь хангаж, хорт утаанаас иргэдээ салгах боломж байгаа. Үүн дээр Засгийн газар ажиллах хэрэгтэй" гэлээ.
Үүний дараа УИХ-ын даргын зүгээс "Цөмийн хог хаягдал гэж худлаа шуугиад атомын цахилгаан станц бариулдаггүй. Арева компаниар цахилгаан станц бариулчих хэрэгтэй" гэсэн юм.