УИХ Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн талаар мэдээлэл сонссон байна. Хуулийн төсөлд тусгагдсан зарим зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монгол Улс 2800 гаруй км төмөр замтай болж байгаа. Иймээс Зам тээврийн хөгжлийн яамны дэргэд Төмөр замын агентлаг байгуулахаар болсон. Энэ агентлаг нь төр хувийн хэвшлийн төмөр замын тээврийн харьцааг зохицуулах болон бусад хэрэгжилтийг хянана" гэлээ.
Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд анх баталсан байдаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон байна.
Зөвхөн 2022 онд үндэсний төмөр замын сүлжээний урт 2964 километр болж, 40 гаруй хувиар нэмэгдсэн. Тухайлбал, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876 километр төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гуравдагч гарцуудтай болсон. Цаашид ч зүүн болон баруун, босоо тэнхлэгийн төмөр замуудыг барьж төмөр замын сүлжээ өргөжих төлөвтэй байгаа гэлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 11 бүлэг, 49 зүйлтэй бөгөөд ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 10 гаруй орны төмөр замын тээврийн хуулийг харьцуулан судалж боловсруулсан аж. Хуулийн төслийн гол зорилт нь төмөр замын тээврийн суурь бүтцийг шинээр барих, өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Уншиж байна |