Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд сэтгэцийн эмгэгтэй ахмад настны тоо сүүлийн 1 жилийн хугацаанд 40.8 хувь, стационарийн /хэвтэн эмчлүүлэх хэсэг/ нийт өвчлөл 43.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгааг дурьджээ.
Тус илтгэлд "Ахмад настнуудын дундах сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь тэдний эрүүл мэнд, санхүү, нийгмийн болон орчны хүчин зүйл нөлөөлж байна. Мөн эрэгтэй, эмэгтэй ахмад настнуудын дундаж насжилтын зөрүү өндөр байгаа нь ахмад настны амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, тэд амьдралынхаа тодорхой үеийг ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшил, орлогын хомсдолтой байдалд өнгөрүүлж байна" хэмээн дурьджээ.
Иймээс сэтгэцийн эмгэгтэй хүнд зориулсан сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний гуравдугаар хөтөлбөр, төлөвлөгөөг бий болгох зайлшгүй шаардлага үүсчээ. Энэ асуудлаар ХЭҮК өмнөх илтгэлдээ дурдаж байсан ч одоог хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна. Мөн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй байгааг онцоллоо.
1965 онд эмэгтэй, эрэгтэй хүний дундаж наслалт 2.3 жилийн зөрүүтэй байсан бол 2021 онд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.47, эрэгтэйчүүдийнх 67.05 жил буюу эрэгтэйчүүд бараг 10 насаар богино байна. Үүнд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл нь эрэгтэйчүүдийн хорт зуршил, амьдралын буруу хэвшил, буруу зуршил зэргээс гадна эрэгтэйчүүд эрүүл мэндээ үл ойшоох хайхрамжгүй хандах байдал эмэгтэйчүүдээс олон байна.
Эх сурвалж. МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 22 ДАХЬ ИЛТГЭЛ