Японы Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын 16-ны бямба гарагт Вакаяма хотод Фумио Кишида сонгуулийн өмнөх уулзалт хийж байх үеэр түүн рүү халдсан хэрэг гарсан. Цуглааны үеэр хэн нэгэн нь Ерөнхий сайд руу юм шидэхийг анзаарсан хамгаалагч нь маш хурдан хариу үйлдэл үзүүлж, холдуулсны дараа Кишидаг халхалж амь насыг нь аварсан юм. Хэргийг үйлдсэн этгээд нь Рюзи Кимура гэгч байсан бөгөөд түүнийг тэр дор нь баривчилж байв.
Ийнхүү Японы Ерөнхий сайдад халдсан хэрэгт буруутгагдаж байгаа эр өнгөрсөн онд сонгуулийн системтэй холбоотойгоор Засгийн газрынхаа эсрэг шүүхэд зарга мэдүүлж байжээ. Энэ талаар Nippon.com мэдээлсэн байна.
Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард Зөвлөгчдийн танхимын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан ч нас болон санхүүгийн байдал нь шаардлага хангахгүй хэмээн үзэж түүнийг нэрээ дэвшүүлэхийг хориглосон байна. Үүнийг үндсэн хууль зөрчсөн хэрэг хэмээн үзсэн 24 настай Рюзи Кимура Кобегийн тойргийн шүүхэд зарга мэдүүлсэн байна.
Шүүх ажиллагаатай холбоотой баримт бичигт өгүүлснээр тэрбээр Парламентын дээд танхимын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан ч хуульд заасны дагуу 30 нас хүрээгүй, мөн мөнгөн хадгаламжгүй байсан тул түүнд нэрээ дэвшүүлэх эрх олгоогүй аж.
Ингээд Рюзи төрийн албан тушаалтны сонгуулийн хуульд нас болон хадгаламжтай байхыг заасан нь ялгаварлан гадуурхсан, Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг хэмээн үзэж, сэтгэл санааны хохирол гэж 100 мянган йен нэхэмжилж байжээ.
Тэрбээр өмгөөлөгчгүйгээр өөрийн энрийн өмнөөс зарга мэдүүлсэн байна. Ингээд 11 дүгээр сард Кобе тойргийн шүүх түүний нэхэмжлэлийг хянан үзээд, сонгуулийн хуулийн шаардлага нь зөв зүйтэй гэж үзэн түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |