УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэнээр Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа зургаан сараар сунгагдаж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат үргэлжлүүлэн ажиллахаар болов.
Тогтоолын төсөл батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Онцгой дэглэм тогтоосон зургаан сарын хугацаанд компанийн удирдлага зохион байгуулалтыг олон улсын зарчимд нийцүүлж, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгож, засаглалыг сайжруулах хэрэгтэй. Үүний үндсэн дээр нээлттэй сонгон шалгаруулалтаар компанийн удирдлагыг томилох хэрэгтэй.
Мөн компанийн үйл ажиллагаанд олон улсад нэр хүндтэй аудитын компаниар аудит хийлгэх хэрэгтэй. Дараа дараагийн бүх ажлын үндэс нь энэ" гэдгийг сануулж, Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг сайн ажиллаж байгааг хэлж, ажлаа улам сайжруулахыг хүслээ.
Онцгой дэглэмийн хугацаанд сарын дундаж үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан байна. Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин тус тус өсчээ. Компанийн 500 сая ам.доллароос багагүй орлого олж гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүргийг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлогыг олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.
Тус компани өнгөрсөн 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого ашигтай ажилласан байна. Цэвэр ашиг нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхнээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 445.6 сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, бондын 120 орчим сая ам.долларын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны орлогоор төлөх боломжийг бүрдүүлэн, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 169.2 сая ам.доллароор бууруулсан байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |