Украины гэрэл зурагчин Евгений Малолетка 2022 оны World Press Photo уралдааны шагнал хүртжээ. 2022 оны гуравдугаар сард Оросын цэргүүдийн бүслэлтэд орсон Мариуполь хотод авсан түүний гэрэл зургийг оны шилдэг зургаар тодруулсан гэж "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Уралдааны шүүгчид Евгений Малолетка зурагчны Мариупольд авсан зургийг Украин руу Орос түрэмгийлснээс үүдэлтэй хүмүүсийн зовлон шаналллыг илэрхийлж чадсан хэмээн үнэлжээ. Евгений Малолетка өнгөрсөн оны гуравдугаар сард бүслэлтэд орсон Мариуполь хотод ажилласан цөөхөн сэтгүүлчдийн нэг байсан юм.
Уралдаанд шилдгээр тодорсон гэрэл зургийг тэрбээр 2022 оны гуравдугаар сарын есний өдөр Оросын цэргүүд эмнэлэг, төрөх эмнэлгийг бөмбөгдсөний дараа авчээ. Гэрэл зураг дээр шархадсан жирэмсэн эмэгтэйг дамнуурга дээр зөөж байгааг дүрсэлсэн байна. Зураг дээр байх эмэгтэй удалгүй нас барсан бөгөөд хараахан мэндэлж амжаагүй байсан хүүхдийг нь ч аврах боломж байгаагүй гэнэ.
Ассошейтед Пресс агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Евгений Малолетка дайны үеийн Мариуполийн энгийн иргэдийн амьдралын гэрэл зургуудыг авч байв. Түүний гэрэл зургууд дэлхийн олон хэвлэлүүдэд нийтлэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |