Канадын нийслэл Оттава дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хашааны суурь хэсэг рүү улаан будаг цацсан тохиолдол гарчээ. Энэ талаар Оросын Элчин сайд Олег Степанов ТАСС агентлагт ярьсан байна.
Түүний өгүүлснээр, энэ хэрэг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болжээ. Үүний дараа ОХУ-ын Элчин сайдын яам Канадын Гадаад хэргийн яам руу ноот бичиг илгээн, Оросын дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хангахыг шаардсан гэнэ.
"Даваагаас мягмар гарагт шилжих шөнө Оросыг үзэн ядах ээлжит тохиолдол гарч, нүүрээ багаар халхалсан этгээд Элчин сайдын яамны хашааны суурь руу улаан будаг асгаж, ОХУ-ын ЭСЯ-нд ноцтой хохирол учруулсан" хэмээн Олег Степанов мэдэгджээ. Түүнчлэн энэ хэргийг үйлдсэн хүнийг олохыг шаардан цагдаагийн газарт хандаж, ажиглалтын камерын бичлэгийг өгсөн гэнэ.
Энд дуулгахад, ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Оросын дипломат төлөөлөгчийн газар руу халдсан тохиолдол нэг бус удаа гарч байлаа. Тухайлбал, 2022 оны тавдугаар сарын есний өдөр Польш Дахь Оросын Элчин сайд Сергей Андреев, төлөөлөгчдийн хамт Варшав дахь Зөвлөлтийн цэргүүдийн булшинд цэцэг өргөх үеэр тэдэн рүү улаан будаг цацаж байв. Үүний дараа Герман дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын барилгууд руу улаан будаг цацсан хэрэг гарсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |