Америкийн Нью-Мексико мужийн прокурорын газар жүжигчин Алек Болдуиныг хүний амь нас хөнөөсөн хэргээр яллахаар төлөвлөж байсан ч энэ хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар АВС агентлаг жүжигчний өмгөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна.
Тодруулбал, Rust киноны зураг авалтын үеэр Украины зураглаач Галина Хатчинс амиа алдсан эмгэнэлт хэрэгтэй холбоотойгоор Болдуиныг буруутгаж байсан ч хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан гэж түүний өмгөөлөгчид мэдэгджээ.
Одоогоос хоёр жилийн өмнө, 2021 онд Нью-Мексико мужид кино зураг авалтын үеэр энэ хэрэг болсон. Бууддаг хэсэг бүхий киноны нэг үзэгдлийг давтах үеэр Алек Болдуин жижиг хэрэглэл хариуцсан мэргэжилтний өгсөн бууг авч, зураглаачийн зүг буудахад хоосон сумтай байх ёстой буунд үл мэдэгдэх шалтгаанаар жинхэнэ сум байж тааран, зураглаачийг хөнөөж, найруулагч шархадсан юм.
"Талбай дээр юу болсныг мэдэхгүй байна. Яаж яваад байлдааны сум гар буунд орчихсныг мэдэхгүй. Юу ч мэдэхгүй байна" гэж энэ явдлын дараа Болдуин АВС телевизэд өгүүлж байв.
Үүний дараа Алек Болдуиныг санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгах шүүх ажиллагаа эхэлсэн. Мөн энэ хэрэгт жижиг хэрэглэл хариуцсан менежер ч татагдаж байлаа. Харин хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа Rust киноны зураг авалтыг дахин эхлүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |