Нэгээс 12 настай, эдгэрэшгүй хүнд өвчинтэй хүүхдүүдэд эвтанази хийх боломжийг олгохын тулд эвтаназийн журмаа өргөжүүлж байгаагаа Нидерланд зарлажээ. Энэ талаар The Epoch Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, журмын өөрчлөлт нь одоо үйлчилж буй протколд нэмэлтээр орох бөгөөд парламентаар хэлэлцүүлэх шаардлагагүй аж. Энэ шийдвэрийг насны хязгаарлалтыг бууруулахыг хүссэн эмч нарын олон жилийн хүсэлт, сайд нарын танхимд болсон хэлэлцүүлгийн дүнд гаргасан байна.
"Энэ насныханд амьдралыг дуусгахыг зөвшөөрөх нь эдгэрэшгүй, тэсвэрлэх аргагүй өвчинтэй хүүхдүүдэд олгож буй ухаалаг шийдвэр" хэмээн Засгийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна.
Шинэ журам нь өвчний улмаас тэсвэрлэшгүй өвдөлт мэдэрдэг, хөнгөвчлөх эмчилгээ хийгээд ч ямар ч нэмэр болдоггүй эдгэшгүй хүнд өвчинтэй хүүхдүүдэд үйлчлэх аж. Ингэснээр жилд 5-10 хүүхэд л эвтанази хийлгэнэ гэж Нидерландын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Хүүхэд өөрөө зөвшөөрөл өгч чадахгүй байсан ч эмч нартай зөвлөлдсөний дараа эцэг эх нь эвтаназийг сонгож болох гэнэ.
Эвтанази буюу үхэх эрх гэж хэлж болохоор энэ ажиллагааг хуульчилсан анхны улс нь Нидерланд юм. Энэ улсад тэсвэрлэшгүй зовуурьтай өвчтөн өөрөө эсвэл гэр бүлийнхнийх нь хүсэлтээр, эмнэлгийн тусламжтайгаар нөгөө ертөнц рүү явуулах ажиллагааг хуульчилсан байдаг. Өвчтөний гаргасан хүсэлт, мэдэгдэлд ямар нөхцөлд түүнд амьдралаас явахад нь туслах тухай мэдээлэл багтсан байх ёстой. Өвчтөнд эвтанизи хийхийн өмнө дор хаяж хоёр мэргэжилтэнтэй зөвлөлдсөн байх ёстой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |