Хуваагдаж, талцаад байсан АН өнөөдрөөс нэгдэж байгаагаа зарлалаа. С.Эрдэнэ АН-ын даргаар Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрч, түүнд удирдлагын эрхийг бүрэн шилжүүллээ. Ингэхдээ 2024 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, намын тамгаа Л.Гантөмөрт хүлээлгэн өглөө.
Цаашид нэгдмэл удирдлагатай, нэг зорилготойгоор ажиллах АН-ын талцал хуваагдлын гол буруутан нь коронавирус гэнэ. АН-ын дарга Л.Гантөмөр "АН-ын үл ойлголцлыг бий болгосон хүчтэй оролцогч бол корона байсан. Ардчилсан нам болон Монголын ардчилал коронад нэрвэгдсэн. Үүнийг сануулж амны хаалт зүүсэн. АН-ынхан дуртайдаа хэрэлдэж, зодолдоогүй. Хүмүүс хоорондоо уулзаж чадахгүй, харилцах аргагүй болсон. Хурлууд онлайн болсон. Ойлголцолгүй бол улс төр, нийгмийн амьдрал яаж гацдагийг бид 2020 оноос хойш яруу тодоор харсан" хэмээн нэгдлийнхээ үеэр намынхаа хагарлын шалтгааныг тайлбарлалаа.
Б.Хэрлэн
Уншиж байна |