УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцууллаа. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй дараах зүйлийг тусгажээ. Үүнд:
Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, улс төрийн намын эрх, үүрэг, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх, нам цахим орчинд үйл ажиллагаа явуулах, намын үйл ажиллагаанд хориглох зүйл;
Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт улс төрийн намыг уүсгэх байгуулах, бүртгүүлэх, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах зохицуулалтын талаар;
Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг;
Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт намын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах зохицуулалт;
Хуулийн төслийн тавдугаар бүлэгт улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл шалгуур, түүний мөнгөн болон мөнгөн бус хэмжээ, хуваарилалт, шилэн санхүүжилтийн зарчим, зарцуулалтын зориулалт, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогын талаар;
Хуулийн төслийн зургадугаар бүлэгт намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар, долдугаар бүлэгт бусад асуудлыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд дараах эерэг үр дүн авчирна хэмээн хууль санаачлагч үзжээ.
Тухайлбал,
Улс төрийн намын хариуцлага дээшилж, намын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэн, түүний санхүүжилт илт тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага дээшлэх, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар сонгуулийн төв байгууллагад тайланг гаргах замаар олон нийтийн хяналтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй аж.
Түүнчлэн улс төрийн нам бодлогын институц болон төлөвших бөгөөд нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь улс орноо хөгжлийн бодлогод захирагдан ажиллах, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэх, төр ард түмний гүүр болж, иргэдэд улс төрийн боловсрол олгох институц болон төлөвших үндэс бүрдэнэ;
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналт сайжирна. Намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болох, түүнийг хяналтыг олон нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэнэ. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандив, түүнийг захиран зарцуулалтад сонгуулийн төв байгууллага хяналт тавих замаар намын үйл ажиллагаа хариуцлагатай болон төлөвших үндэс бүрдэнэ;
Улс төрийн намын гишүүдийн тэгш оролцоог хангана. Намыг бодлогын институц болон төлөвших нэгэн гол үндэс нь намын гишүүнчлэлийн статусыг тодорхой болгох эрх зүйн үндэс бүрдүүлэх хэлбэрээр энэхүү шинэтгэл илрэн гарна. Энэ хүрээнд намын дэмжигч гишүүн хэмээх эрх зүйн орчныг бүрдүүлснээр намын бодлого, үйл ажиллагаанд ач холбогдол өгч, үнэт зүйлд үндэслэн бодлогын намын үйл ажиллагаанд дэмжин оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн гишүүдийн тэгш оролцоог хангах, улс төрд төлөөлөл нь бага хангагдаж буй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд жендерийн тэгш байдал, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт баталгаажих нөхцөл бүрдэнэ;
Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлнэ. Иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгааг хангах хүрээнд намын бүтэц, сонгууль, гишүүдийн оролцоог хуульд тусгах замаар намын дотоод ардчиллыг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлнэ хэмээн үзэж буй аж.
Дээрх цогц улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар илэрхийллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Улстөрийн намуудад төрөөс дэмжлэг үзүүлэх замаар санхүүжүүлнэ гэсэн заалт орсон байна. Улстөрийн нам бол ТББ гэж ойлгож байгаа юу, төрийн бүтцийн байгууллага гэж ойлгож байгаа юу? 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намын гишүүнчлэлийг тодорхой болгосон. Үүнд зориулж ямар бодлогын баримт бичиг оруулж ирсэн бэ? Улстөрийн намын бүртгэлийн асуудлыг хэрхэн зохицуулсан бэ? 801 хүн гарын үсэг зураад нам байгуулдаг тогтолцоо үеэ өнгөрөөсөн. Тоглоом болж байна. Эхнэр нь намын дарга, нөхөр нь дэд дарга байдаг тогтолцоо цаашид явах уу?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Үндсэн хуульд нам, олон нийтийн байгууллага гэсэн байдаг. Намыг нийтийн эрхзүйн хуулийн этгээдийн хувьд авч үзэж, хуулийн төсөлд тусгасан. Намын дотоод ардчилалыг бэхжүүлэх зорилготой олон заалтууд оруулсан. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн хүрээнд намын дотоод зохион байгуулалт, ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө орлогын эх үүсвэр зарцуулалт нийтэд ил тод байх, намын зохион байгуулалт үйл ажиллагааны журам төрийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хуульчлахаар зааж өгсөн. Хуулийн төсөлд энэ асуудлууд нэлээн нарийн тусгагдсан. Улстөрийн нам нь удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллагатай, гүйцэтгэх төв байгууллагатай, гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байхыг хуульчилж өгсөн. Энэ байгууллагуудын хурлаа хийх хугацааг нарийвчилж заасан. Хуульд заасан хугацаандаа хурал зөвлөгөөнөө хийхгүй бол улстөрийн намыг идэвхгүй байдалд оруулж, татан буулгахтай холбоотой заалтууд орсон. Улстөрийн намыг хариуцлагатай байлгах асуудлыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан. Үүний нэг нь намуудын дотоод ардчилалтай холбоотой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дээд шүүхэд бүртгэлтэй 36 намыг авч үзэхэд нэлээн олон нь хугацаандаа хурлаа хийдэггүй, олон нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд ажиллах боломжгүй, гэр бүлийн, компанийн улстөрийн хүчин байна.
Доктор О.Мөнхсайхан: Намыг яаж үүсгэн байгуулж бүртгэх вэ гэх асуудлыг нэлээд тодорхой болгосон. СЕХ намыг бүртгэхтэй холбоотой бүрдүүлбэрийг хангах, хангагдаагүй бол 30 хоногийн дотор бүрдүүлж өгөх захиргааны шинжтэй ажлыг хийгээд ДЭЭД ШҮҮХ бүртгэх зохицуулалт орсон. Тухайлбал, хуулийн төсөлд намын дүрэм хөтөлбөр Үндсэн хууль бусад хуульд харшилсан, намд хориглосон ноцтой үйл ажиллагаа /цэрэгжсэн/ явуулсан бол гишүүдийн тоо 801-т хүрээгүй, давхардуулан өөр намын гишүүдийг бүртгэсэн, нэрний хувьд зөрчилтэй гэх мэт тодорхой шалгууруудыг тавьж өгсөн.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Намын санхүүжилтын асуудлыг тодруулмаар байна. Намд ажиллаж байгаа хүмүүсийг төрийн байгууллагад ажилласантай дүйцүүлэх асуудал хуулийн төсөлд байгаа гэж ойлгож байгаа. Төрийн албаны хуультай яаж холбогдох вэ? Төрийн алба, намын алба нэг байх юм уу? Олон нийтийн байгууллага гэдэг статус нь намын байгууллагатайгаа ТББ-аас өөр юм шиг ойлгомжгүй асуудлыг тодорхой болгох ёстой.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: УИХ Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар УИХ-д суудалтай улс төрийн намд ажилласан ажилтнуудыг Төрийн албанд ажилласнаар тооцох юм билээ. Энэ заалт өнөөдөр хэрэгжиж байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнөөдрийн байгаа хууль бол МАФИЙН хууль шүү дээ. Нам төрийн сандайлаад суучихсан. Уг нь нам төрд үйлчлэх ёстой. Нам төрийн өмчөөс идэж уух хэрэгсэл болчихсон. Ард түмнийг сайхан амьдруулах нэрээр хэдэн нөхдүүд өөртөө болон өөрийг нь дарга болгосон хүмүүст хувааж өгдөг хэрэгсэл болсон. СЕХ-оос намыг хараат болгосон байна. Үүн дээр дүгнэлт хийсэн үү? Намын дэмжигч гишүүний бүртгэл бий болгох заалт дээр ямар дүгнэлт хийсэн бэ? Сонгуулийн төв байгууллагаас батласан программ хангамжийг батлах. Нам программ хангамжаа ХХЗХ, СЕХ-нд бүртүүлэхийн учир юу вэ?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Улстөрийн намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулж байх ёстой төрийн институт байх ёстой гэж үзээд Сонгуулийн төв байгууллагыг оруулж ирсэн. Өөр санал байвал хэлэлцүүлгийн явцад оруулж ирж болно. Дэмжигч гишүүн нь намын зорилго, үзэл баримтлал дээр нэгдэж намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байхаар оруулж ирсэн. Сонгуулийн төв байгууллагын программ хангамжтай холбоотой асуудал Ардчилсан намаас орж ирсэн санал. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд янз бүрийн программ ашиглаад намын цахим хурал хийж үймүүлээд байсан асуудалтай холбоотой заалт орсон.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Намын гишүүдийг бяртай болгох тал дээр анхаараарай. Өмчилсөн хэдэн дарга нар шийдвэр гаргадаг биш. Өнөөдөр намыг нь дарамтлаад Дээд шүүх дээр тоголж байхад гишүүд нь хөдлөхгүй байна гэдэг чинь тэр нам гишүүдээсээ салчихсан байна гэсэн үг шүү
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Ард түмний дунд улстөрийн намуудын нэр хүнд маш муу байгаа. Монгол Улс шиг газар нутаг, баялаг ихтэй, хүн ам цөөхөнтэй улсын хөгжиж чадахгүй байгаа нь намуудтай холбоотой. Бид маш том тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол ахиц гарахгүй нь ээ. Бид нэг хаврын хачиг хувалзандаа баригдсан ишиг хурга шиг л байна. Улстөрийн намын тухай хууль үүнийг эрүүлжүүлэх ёстой.Орон нутагт улс төржилт хэт их байгаагаас дээр гарч байгаа шийдвэр анхан шатандаа хэрэгжихгүй байна. Төрийн албанд ажиллах хүчин байхгүй байхад үзэл баримтлалын зөрүүгээс шалтгаалаад ажилд авахгүй тохиолдлууд ч байна Орон нутагт 1800 ТАХ дутагдалтай байхад нөгөө нөгөө намын хүнээ ажилд авдаггүй. Ах дүү хамаатан садан гэр бүл дотроо ч улстөржиж байна. Хатуу гишүүнчлэлийн асуудал Улстөрийн намын хуульд яаж орсон бэ? Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж яаж тусгагдах вэ? Намын бүртгэлийн асуудал хэрхэн тусгагдах вэ? Улс төрийн намын тамга тэмдэгний асуудалд заалт байна уу?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Хатуу гишүүнчлэлээс татгалзсан. Намын гишүүнчлэл, үзэл бодлоор ялгаварладаг асуудлыг хуульд хатуу зааж өгсөн. Энэ удаагийн хуулиар Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог механизмыг оруулж өгсөн.