Йемений нийслэл Сана хотод орлого багатай хүмүүст тусламж үзүүлэх төвийн ойролцоо хүний бөөгнөрөл үүсэж, олны хөлд дарагдсаны улмаас олон хүн амиа алдсан талаар NBC мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сана хотын Баб-эль-Яман дүүрэг дэх сургуульд байрлах тусламж түгээх төвд эмгэнэлт хэрэг болсон байна. Тухайн өдөр бизнес эрхлэгчид орлого багатай хүмүүст тус бүр есөн доллар буюу монгол мөнгөөр 30 гаруй мянган төгрөгтэй тэнцэх мөнгөн тусламж тараажээ. Энэ тусламжийг авахаар хэт олон хүн ирж, бөөгнөрөл үүсгэн, улмаар олны хөлд дарагдан 80 хүн амиа алдаж, 120 хүн бэртсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Мөн гэмтэл авсан хүмүүсийн 20 нь биеийн байдал нэн хүнд байгаа аж. Улмаар энэ хэргийг шалгахаар тусгай хороо байгуулагдаж, хэргийн газарт шуурхай албад ажиллаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |