Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Цемент Шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нар хэвлэлээр "дайтаж" буй. Б.Цэнгэл дарга Л.Наранбаатарыг архичин хэмээн цоллож, эцэст нь хүчирхийллийн хэргээр буруутгасан. Харин хариуд нь Л.Наранбаатар захирал Б.Цэнгэлийг төрийн өмчит компанид шахаа хийдэг гэх баримтыг цацаад байна.
Ингэж хэвлэлээр "дайтсан" Б.Цэнгэл, Л.Наранбаатар нарт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэвлэлээр сануулга өглөө. Тэрбээр "Төрийн бүх шатанд ажиллаж байгаа этгээдүүд хэвлэлийг ашиглаж, өөр өөрийн байр суурийг илэрхийлэхээс илүүтэйгээр ажилдаа хариуцлагатай хандах ёстой.
Монгол Улсад боловсон хүчний дутагдал бий болоогүй. Шаардлагатай бол Засгийн газар хариуцлагын асуудлыг аль аль түвшинд нь ярихад бэлэн байгаа. Ард түмнийг буруу, бусармаг мэдээллээр дүүргэж, бухимдах нөхцөлийг бүрдүүлэх нь албан тушаал хашиж байгаа аль ч этгээдийн эрх биш гэдгийг Засгийн газраас хатуу сануулна.
Өөрсдөө ойлгож ухаарч, хэвлэлээр нэр төрөө цэвэрлэх гэж зүтгэхээс илүүтэйгээр бодит амьдрал дээр ажлынхаа үр дүнг гаргах нь хэн хэнийх нь үүрэг шүү" хэмээн шаардлагатай бол Б.Цэнгэл, Л.Наранбаатар нарт хариуцлага тооцоход бэлэн байгаагаа санууллаа.
Б.Хэрлэн
Уншиж байна |