АНУ-ын Охайо мужид 13 настай Жейкоб Стивенс гэх хүү жоргүй олгогддог эмийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас харамсалтайгаар амиа алджээ. Хүү ТикТок сүлжээнд ихээхэн дэлгэрсэн шинэ трендийг дагах гэж эм уусан гэж Нью-Йорк Пост мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, галлюцинаци буюу "хий юм" харахын тулд эм их хэмжээгээр уудаг челленжид Жейкоб Стивенс хүү оролцжээ. Энэ челленж 2020 онд анх гарсан гэнэ.
Жейкобын аав Жастин хэвлэлд өгсөн ярилцлагадаа, хүү нь амралтын өдрөөр найзуудтайгаа байхдаа эм хэтрүүлэн ашигласан аж. Жейкобыг эмнэлэгт яаралтай хүргэж, уушгины хиймэл амьсгалын аппаратад холбож, эмч нар хүүгийн амийг аврахаар хичээсэн ч эм ууснаасаа хойш зургаан өдрийн дараа хүү нас баржээ. Хүү нь дахиж хэзээ ч сэрэхгүй гэсэн аймшигтай мэдээг сонссон тухайгаа аав нь хэвлэлийнхэнд ярьсан байна.
"Тархины бичлэг хийхэд үр дүн нь аймшигтай байсан. Хүүг минь амьсгалын аппараттай нь үлдээж болно, гэхдээ хүү хэзээ ч сэрэхгүй, хэзээ ч нүдээ нээхгүй, хэзээ ч амьсгалж, инээмсэглэж, ярьж, явахгүй гэж эмч нар хэлсэн" хэмээн Жейкобын аав өгүүлжээ. Хүүгээ харамсалтайгаар алдсан аав хүүхдүүд нь олон нийтийн сүлжээнд юу үзэж, туршиж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн бусад эцэг эхчүүдэд сануулсан байна.
Жейкоб Стивенс хүү энэхүү челленжээс болж амиа алдсан цорын ганц хүн биш аж. Эх сурвалжийн мэдээлснээр, 2020 оны наймдугаар сард 15 настай охин мөн л тренд дагаж эм уусны улмаас амиа алдаж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |