Улсын төсвийн хөрөнгөөр хэд хэдэн музейн зураг төсөл гаргах тендерийг өчигдөр зарласан байна. Өчигдрийн байдлаар “Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лабораторийн интерьерийн зураг төсөл” боловсруулах зөвлөхийн үйлчилгээг 400 сая төгрөгөөр, “Дорнод, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн музейн интерьерийн зураг төсөл” боловсруулах зөвлөхийн үйлчилгээг 200 сая төгрөгөөр, “Байгалийн түүхийн музейг /хуучнаар Лениний музей/-г шинэчлэн засварлах ажлын зураг төсөл” төсөл арга хэмжээний зураг төсөл боловсруулах зөвлөхийн үйлчилгээг 250 сая төгрөгөөр авах юм.
Дээрх гурван тендерийн нийт төсөвт өртөг 850 сая төгрөг болж байна. Сануулахад 2019 онд Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барьж байгуулахаар төлөвлөж байв. Энэхүү ажилд 100 шахам тэрбум тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон. Одоогоор энэ ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
Ямартай ч одоо Байгалийн түүхийн музей байрлаж байгаа Лениний музейд иж бүрэн засвар хийхээр ийнхүү зураг төслийн тендер зарласан байна. Цаашдаа Байгалийн түүхийн музей шинэ байранд орох учраас Лениний музейн эх төрхийг алдагдуулахгүйгээр засварлахаар төлөвлөсөн нь энэ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 36 музей байдаг. Үүн дотроо 12 нь төрийн өмчит, 24 нь орон өмчит статустай. Дээр нь орон нутгийг сурталчлах танхим 56, хувийн өмчийн музей болон галлерейн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа 20 гаруй байгууллага, 10 гаруй бэсрэг музей байдаг. Эдгээрээс музейн зориулалтаар барьсан зургаан барилга байдгаас гурав нь нийслэлд, гурав нь орон нутагт байдаг байна. Тэгвэл ирэх жилүүдэд нийслэлд хоёр, орон нутагт гурван музей баригдах нь ээ.
Уншиж байна |