ОХУ өнгөрсөн онд Украин руу "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор довтолж, дайн эхлүүлснээс хойш энэхүү үйлдлийг эсэргүүцсэн хандлагыг газар авахуулахгүйн тулд эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан, дайн эсэргүүцсэн хүмүүсийг "армийн нэр хүндэд халдсан" гэх заалтаар захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон. Улмаар Оросын Төрийн дум Эрүүгийн хуульд дахин өөрчлөлт оруулжээ.
Энэ удаад төрөөс урвасан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсны төлөө бүх насаар нь хорих ял оногдуулах заалтыг Эрүүгийн хуулинд оруулжээ. Ингэснээр Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Владимир Путинийг баривчлах, ОХУ-ын албан тушаалтнууд болон цэрэг, сайн дурынхныг мөрдөн мөшгих шийдвэрт дэмжлэг үзүүлсэн бол гэмт хэрэгт тооцохоор болсон байна.
Түүнчлэн 284.3" ОХУ гишүүнээр нь элсээгүй олон улсын байгууллага эсвэл гаададын төрийн байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" гэсэн шинэ заалт оруулж, энэ заалтаар гэм буруутайд тооцогдсон этгээдийг 5 хүртэлх жилээр хорих эсвэл 300 000-1 000 000 рублийн торгууль оноох шийдвэр гаргажээ.
Өнөөгийн хуулиар төрөөс урвасан гэм хэрэгтэнд дээд тал нь 20 жилийн ял, харин санаатайгаар бусдын амь насанд халдсан хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэн бол бүх насаар нь хорих ял оноодог.
Харин мягмар гарагт баталсан нэмэлтээр төрөөс урвасан хэрэг болон санаатай эсэхээс үл хамааран хүний амь насыг хохироосон хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноохоор болсон байна. Түүнчлэн Оросын Батлан хамгаалах яам, Оросын Гвард, батлан хамгаалах салбарын төрийн байгууллагууд болон түлш, эрчим хүчний цогцолбор, батлан хамгаалахын үйлдвэрийн объектууд руу халдсан бол хэргийг хүндрүүлэх нөхцөл гэж үзэхээр болжээ.
Путиний шинэ бүрэн эрх
Мягмар гарагт болсон Төрийн думын хуралдаанаар "Аюулгүй байдлын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Владимир Путинд нэмэлт бүрэн эрх олгосон талаар ТАСС мэдээлжээ.
Ингэснээр Владимир Путин ОХУ, энэ улсын иргэдийг "ОХУ-ын ашиг сонирхол эсвэл нийтийн эрхзүйд зөрчилдөх" олон улсын болон гадаадын байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаанаас хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрхтэй болжээ.
Гэхдээ энэ шинэ бүрэн эрхийн хүрээнд чухам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой талаар Төрийн Дум тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Думын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов эдгээр арга хэмжээ нь "хортой, барууны хөлсний институцүүдийн нөлөөллөөс улс орон, иргэдээ хамгаалах" -д чиглэгдсэн байна гэсэн ерөнхийлсөн тайлбарыг өгчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |