Суданд өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас эхлэн байлдааны ажиллагаа дэгдэж, тус улсад эмх замбараагүй байдал үүссэн юм. Тусгайгийнхан болон армийнхны хооронд болж буй эрх мэдлийн төлөөх энэ тулалдааны улмаас Суданы Хартум дахь нисэх буудал дээр байсан хэд хэдэн онгоц шатсан талаар NBC мэдээлжээ.
Америкийн Maxar Technologies компани дөрөвдүгээр сарын 17-ны өдөр нисэх буудлууд дээр байсан онгоцнуудын хиймэл дагуулын зургийг дэлгэсэн байна. Энэ зурган дээр хэд хэдэн онгоц шатсан байгаа нь дүрслэгджээ. Эдгээр шатсан онгоцнуудын нэг нь Украины SkyUp компанийн Боинг737-800 онгоц байж болзошгүй хэмээн Avianews мэдээлсэн байна. SkyUp компани энэ мэдээллийг батлаагүй, гэхдээ Хартумд байгаа хоёр онгоцных нь нэг нь ослын дохио илгээсэн хэмээжээ.
"SkyUp компанийн өөр нэг Boeing 737-800 онгоц зэргэлдээ зогсоол дээр зогсож байна. Гадна талаас нь харахад ноцтой эвдрэл гэмтэлгүй. Нарийвчилсан үзлэг хийсний дараа онгоцны нөхцөл байдлыг үнэлэх боломжтой. Онгоц салоны битүүмжлэл, системийн ажиллагааг алдагдуулахуйц гэмтэл авсан байж болзошгүй" гэж эх сурвалж мэдээлжээ.
Хиймэл дагуулын зургуудыг шинжилсэн мэргэжилтнүүд Хартумын нисэх буудал дээр Saudia компанийн Airbus A330 онгоц шатсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ онгоц Саудын Арабын нийслэл Эр-Риад руу нисэхээр бэлдэж байхдаа ийнхүү халдлагад өртөж шатжээ. Харин энэ онгоцыг эзэмшигч компани энэ мэдээллийг батлах, эсвэл няцаах боломжгүй байгаа бөгөөд учир нь одоо Судантай холбогдох, тийш хүрч очих ямар ч боломжгүй байгаа аж.
Г.Бямбасүрэн