Дайн эхлэхээс өмнө Оросын иргэдийн 212 тэрбум долларын хөрөнгө хадгалагдаж байсан, оросуудын офшор гэгддэг Киприйн банкуудаар ОХУ-ын иргэд үйлчлүүлэхэд хүндрэлтэй болж эхэлсэн талаар BFM мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Киприйн томоохон банк болох Bank of Cyprus Оросын хэрэглэгчдэдээ банкан дахь дансыг нь хаах тухай мэдэгдэл хүргүүлж эхэлсэн гэнэ. Ийм мэдэгдлийг ОХУ-д татварын бүртгэлтэй иргэд болон Кипрт оршин суух эрхтэй иргэд ч хүлээн авсан байна. Үүний зэрэгцээ аяллын визээр Кипрт оршин сууж байгаа оросуудад ч дансыг нь хаах талаар сануулсан бөгөөд данснаасаа мөнгөө татаж авахад нь хоёр сарын хугацаа өгчээ.
Кипрээр зогсохгүй бусад орнууд ч оросуудын дансыг хааж эхэлсэн талаар эх сурвалж онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Арабын Нэгдсэн Эмират Улсын хоёр дахь том банк болох Emirates NBD мөн л оросуудын дансыг хааж эхлэхээр болсноо зарлаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |