Энэтхэгийн Мумбаи хотод наранд цохиулсны улмаас 11 хүн амиа алдаж, 50 хүн эмнэлэгт хэвтжээ. Энэ талаар РИА Новости мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагт Нави Мумбаи дүүрэгт олон нийтийн зүтгэлтэн Аппасахеб Дхармадхикарид шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр олон хүний биеийн байдал мууджээ. Тухайн өдөр гадаа Цельсийн 38 хэмийн дулаантай байсан аж.
Олон нийтийн зүтгэлтнийг дэмжигч олон мянган хүн 11.30-13.00 цагийн хооронд үргэлжилсэн ёслолын ажиллагааг үзэхээр цугларсан байна. Гэсэн ч хэт халууны улмаас олон хүний бие муудаж, улмаар 11 хүн нас баржээ. Энэтхэгийн Махараштра мужийн ерөнхий сайд Экнад Шинде болсон хэрэгт харамсаж байгаагаа илэрхийлэн, амиа алдсан хүмүүсийн ар гэрт 500 мянган рупи буюу 6000 орчим долларын тэтгэмж олгоно хэмээн амласан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |