Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.03.18/ 20.00 цаг хүртэлх төлөвийг хүргэж байна.
Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр өнөөдөр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Мөн өнөөдөр Завхан, Архангайн нутаг, Баян-Өлгийн хойд, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр шороон шуурга шуурах аж.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-34 метр, төв, зүүн ,говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар -4…-9 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул голын хөндий, Дарьгангын тал нутаг -3…+2 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +5…+10 градус, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгаар +23…+28 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр -1..-3 градус хүйтэн, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.
Уншиж байна |