Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Япон улс багтах G7 бүлэглэл Украины асуудлаар Каруизавад уулзалт хийлээ. Энэ уулзалтаар Украиныг дэмжих, Оросын эсрэг хориг тавих зэрэг асуудлуудыг хэлэлцсэн гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Уулзалтын үеэр Японы Гадаад хэргийн сайд Ёсимаса Хаяси "сунжирсан дайны нөхцөлд" G7 орнууд дотроо эв нэгдэлтэй байхын чухлыг онцолжээ. Мөн уулзалтын оролцогчид Оросын эсрэг хоригийг хадгалах, хоригоос зайлсхийх нөхцөлийг гаргахгүйн тулд үйл ажиллагаагаа уялдуулахаар тохиролцсон байна.
Түүнчлэн G7-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулах тухай Оросын шийдвэрийг шүүмжилжээ. Энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгана гэж талууд үзэж байгаа аж.
Эргэн сануулахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл хийхдээ Беларусийн талын хүсэлтээр энэ улсын нутагт тактикийн цөмийн зэвсэг байршуулна гээд АНУ ч мөн ийм үйлдэл хийдэг хэмээн онцолж байв. Ингээд ОХУ Беларусьт цөмийн зэвсэг тээгч Искандер комплекс шилжүүлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |