УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдааныхаа дараа мэдээлэл хийлээ.
Тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг талаар мэдээллийг сонссон байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэхээр зэхэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан намын бүлэг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг урьж, мэдээлэл авсан байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ардчилсан нам ямар байр суурь баримтлах талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар Засгийн газраас тодорхой санаанууд гараад санал авч байгаа. Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-д өргөн баригдвал ямар байр суурьтай байх талаар байр сууриа нэгтгэх хэрэгцээ шаардлага байсан. Иймээс өнөөдөр АН-ын бүлэгтээ тодорхой мэдээлэл өглөө. 1999, 2000 оны нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал 2002 оны Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотой нэмэлт өөрчлөлт орсон асуудал дээр дүн шинжилгээ хийсэн. 2019 оны нэмэлт өөрчлөлтийн үед тухайн үеийн АН-ын бүлэг гурван байр суурьтай байсан ч олонхийн саналаар хасагдсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цомхон хийх ёстой. Тодорхой зүйл заалтаар хийх гэж байгаа бол бүрэн дүүрэн хийх ёстой. Дутуу хийснээс болоод хоёр жилийн дараа гар хүрэх дахин ямар нэг арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох эрсдэл байгааг дүгнэх ёстой байсан.
АН 2019 онд пропорциональ элемент орж ирэхгүйгээр иргэдийн санал гээгдэж, УИХ-ын чадавх суль дорой болж байна гэж байр сууриа илэрхийлж, сонгуулийн тогтолцоог холимог байдлаар явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан ч дэмжигдээгүй. Харин одоо эрх баригч хүчнээс энэ санал орж ирж байна. Гэхдээ Үндсэн хуульд холимог тогтолцоог 50/50 гэж бичих нь бүдүүлэг алдаа болно. Манай нам ямар нэг хувь заахгүйгээр холимог тогтолцоо байх тухай агуулгаар дэмжинэ" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |