Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойд зориулан ирэх зун Улаан-Үдийн төв талбай дээр томоохон баярын тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ тоглолт зургадугаар сарын гуравны өдөр болно гэж "Байкал дейли" мэдээлсэн байна.
Буриадын 100 жилд зориулсан баярын тоглолтод Оросын дуучин, хөгжимчин, Ардын жүжигчин, өнөөгийн эрх баригчдыг ихээхэн дэмждэг, эх оронч гэгддэг Олег Газманов дуулахаар болжээ. Газманов энэ тоглолтод 5 500 000 рубль буюу монгол мөнгөөр 175.9 сая төгрөгтэй тэнцэх шангаар дуулах аж. Энэ талаарх мэдээллийг Буриадын төрийн худалдан авах ажиллагааны газрын албан ёсны сайт дээр нийтлэсэн гэж эх сурвалж мэдээлжээ.
Түүнчлэн ойд зориулсан өөр нэг тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэнэ. Дуу хөгжим, театрчилсан тоглолтын тайз засахад л 10 496 800 рубль зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ тоглолтод Монголын уран бүтээлчид ч оролцоно гэсэн мэдээлэл өмнө нь гарч байв.
Г.Бямбасүрэн