УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюутолгой төслийн үйл ажиллагаа, үр ашгийн талаар Ерөнхий сайдад есөн асуулттай асуулга тавьжээ. Тэрбээр энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Оюутолгой төсөл 2021 онд 163 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж, 1.9 тэрбум ам.долларын орлого олсон статистик бий. Далд уурхай ашиглалтад орсноор борлуулалтын хэмжээ тав дахин нэмэгдэх боломжтой. Оргил ачааллын үе нь 2028-2036 он хүртэл үргэлжилнэ. Оргил ачааллын үед 500 мянган тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэж, экспортод гаргана. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн зэсийн дөрвөн том компанийн нэг болж, Монгол Улс зэсийн том тоглогч болно.
Харин үр ашиг нь тодорхойгүй байна.
-Далд уурхайн нээлтийн үеэр 2032 оноос эхлэн Монгол Улс ногдол ашиг авна гэсэн тоо хэлсэн. Зарим яамдад байгаа тоогоор бол 2037, 2038 оноос гэж байна. Тиймээс хэзээнээс Монгол Улс ашиг хүртэх вэ гэдэг бол эхний асуулт.
-Оюутолгойн далд уурхайн ашиглалт 2041 он дуусна. 2041 онд Монгол Улсын төсөвт ямар хэмжээний орлого орох вэ?
-Гүний уурхайд ашиглагдах усны хэмжээ, төлбөр тооцоо, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хэмжээ ямар байх вэ?
-Нэг тонн зэсэд агуулдагдах алтны хэмжээ ямар байх вэ. 2021 оны статистикаар 136 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 300 сая $-ын алт ялгаж авснаа Оюутолгойгоос манайд мэдэгддэг. Далд уурхай ашиглалтад орсноор ямар хэмжээний алт авах вэ?
-Оюутолгойгоос гаргаж байгаа алтнаас Монголбанк худалдаж авах боломж бий юу?
-Монгол Улсын нийт өр 33.4 тэрбум $ байгаа. Үүнээс Засгийн газрын өр нь 8 тэрбум $. 2021 он хүртэл үүссэн 2.3 тэрбум S-ыг тэглэсэн гэдэг ч манай гадаад өрөөс хасагдаагүй. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?
-Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд тэргүүлж байна. Энэ өрөнд Оюутолгойн өр 12.5 тэрбум $ байгаа. Энэ өрийг багасгах чиглэлээр юу хийж байна вэ?
-Оюутолгойн үр ашгаас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын 103 дугаар тогтоол бий. Энэ тогтоолын хэрэгжилт ямар байна вэ гэсэн асуултуудыг Ерөнхий сайдад тавьжээ.
Тэрбээр асуулгаа энэ сарын 10-ны өдөр тавьсан байна. Хариуг нэг сарын дотор багтаан авч, УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэх аж.
Б.Хэрлэн
Уншиж байна |