Францад тэтгэврийн насыг нэмэх хууль анх яригдаж эхэлснээс хойш л эсэргүүцлийн давалгаа эхэлж, хууль батлагдсаны дараа олон нийтийн эсэргүүцэл ширүүссэн юм.
МИР24 сувгийн мэдээлснээр, пүрэв гарагт эсэргүүцэгчид Үндсэн хуулийн зөвлөлийн орох хэсгийг хааж хогны саваар хаалт босгосон байна. Гудамжинд 40 орчим хуванцар хогны сав байршуулж, зорчих хэсэгт "Шинэчлэлийг хог дээр хая" гэсэн бичиг байршуулжээ.
Эрх баригчдын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 13-нд болсон эсэргүүцлийн арга хэмжээнд 600 мянга орчим хүн оролцсоны 70 мянга нь Парист цугласан байна. Энэ үеэр дэг журам сахиулах зорилгоор 11 мянган цагдаа ажиллажээ.
Эсэргүүцлийн үеэр эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарч, оролцогчид цагдаагийнхан руу чулуу, шилэн лонх, будагтай сав шидсэн бол цагдаагийнхан үүний хариуд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Энэ үеэр хэд хэдэн хүн гэмтсэн, тэдэнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлжээ. Мөн хэд хэдэн оролцогч саатуулагдсан байна.
Иргэд тэтгэврийн насыг 62 байсныг 64 болгон нэмэх тухай хуулийн төслийг цуцлахыг шаардаж байгаа юм. Парламент энэ хуулийг дэмжсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж, тэтгэврийн шинэчлэлийн хууль Францын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг нягтлах юм. Үндсэн хуулийн зөвлөл дэмжвэл тэтгэврийн шинэчлэлийн хууль есдүгээр сарын нэгнээс эхлэн үйлчлэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |