УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан хэмээн тусгасан. Энэ заалттай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, энэ заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль санаачлагчаас хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд "2012-2016 оны тогтолцоо муу байсан, намын даргын эргэн тойрны хүмүүс сонгогддог гээд л ярьдаг. Энэ удаагийнх нээлттэй. ХҮН намын хувьд манайх листэнд хамгийн нэр цэвэр хамгийн их санал авах улстөрчдийг оруулна. Бусад улстөрийн намууд ч зөв үзэл бодолтой, эрүүл саруул улстөрчдөө жагсааж оруулах байх. Нүүрс, Хөгжлийн банкны хулгайд холбогдсон хүмүүс листэнд орсон бол тэр мэдээллийг бид иргэддээ өгөөд явна" гэлээ.
Үүний дараа Ц.Даваасүрэн гишүүн "Ард түмнээс шүүрдүүлсний буруу ерөөсөө байхгүй. Гоншигоноод байх юм байхгүй. Санал авч чадахгүй байгаа бол хохино. Энэ бол олонхийн итгэлийг авах зарчим. Шүүлгэхгүй, шүүрдүүлэхгүй болно гэдэг бол аюул гэж үзэж байна. Намын нэрээр танайхан бол санал авч чадахгүй Т.Доржханд аа, манайхан бол авна. Иргэдийнхээ саналыг намд өгөх гэж байгаа гэдгийг л бодох хэрэгтэй. Ард түмэн энэ хуулийг зүтгүүлж байгаа хүнийг сонгохгүй байх хэрэгтэй. Үндсэн хуулийн эсрэг байна шүү дээ" гэлээ
П.ГОО
Уншиж байна |