УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, тодруулбал Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн тодорхой зорилт дэвшүүлсэн билээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 1-т “Нам, Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж намын бодлого, үйл ажиллагааны үндсэн хүрээг тодорхойлжээ. Энэхүү үндсэн хэм хэмжээний хувьд улс төрийн нам улсын хэмжээний бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгуульд өрсөлдөх, сонгуулийн тойрог дагасан улсын төсвийн нэгдмэл бус байдлыг арилгах боломжит сонгуулийн тогтолцооны хувилбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс юм.
Иймд сонгуулийн тогтолцооноос үүдэн гарсан Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг эргэн харж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагатай гэж үзсэн болно.
Төслийг боловсруулахдаа ЕАБХАБ-аас 2020, 2021 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмж, Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагаас санал авсан.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь өөрчлөлт, хуулиар зохицуулах харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагад үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
3. Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах талаарх нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
4. Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг тусгасан,
5. Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан гэлээ.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Үндсэн хуулиараа иргэд өөрийн төлөөллөө шууд сонгоно гэсэн заалттай. Холимог тогтолцоо орж ирэхээр Үндсэн хуулийн зохицуулалт зөрчигдөх үү? Сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудал руу орж байгаа бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм уу? 76-ийн 38 нь тойргоос, 38 нь жагсаалтаар сонсогдох нь. Ямар үндэслэлээр 50/50 хувиар оруулж ирж байгаа вэ? Жагсаалтад орох хүмүүст ямар шалгуур тавих вэ? 10 нам орлоо гэхэд 380 хүн жагсаалтад бичигдэх нь. СЕХ-нд техникийн боломж байгаа юу? Сонгуулиар нэр дэвшигчдийн цахимаар маш их харлуулдаг. Энэ асуудлыг цаашид яаж шийдэх бодолтой байна вэ?
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Холимог тогтолцоогоор Үндсэн хууль зөрчигдөхгүй. Орон нутгийн төлөөлөл 38 байх асуудал байнгын хороон дээр мөн хөндөгдсөн. Тухайлбал, АН-ын төсөлд 28/48 гэсэн тоо явж байна. Үүний дараа АН-ын хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Тэгэхээр харьцааны асуудал яригдах байх. Улстөрийн намууд үүрэг хариуцлагын хүрээнд хүмүүсээ дэвшүүлдэг. Энэ жишгээр явна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Манайд бүртгэлтэй 37 нам эвсэхгүйгээр бие дааж оролцоход саналын хуудас хэр том болох вэ гэдгээр макет хийж үзсэн. Дөрвөн нүүр буюу 2 саналын хуудас болж байгаа. Техникийн үзүүлэлт хүрч байгаа, төхөөрөмж уншиж чадна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 2012-2016 онд хэрэглэсэн зарчим. Н.Алтанхуяг гишүүн л зовлон жаргалыг ярих ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад 50 хувь жагсаалтаар орсон. Дараа нь Засгийн газар унахад жагсаалтын унагасан. Жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийг Засгийн газрын гишүүнээр давхар ажиллуулахгүй гэх зарчимд очих хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс тойргууд дээр хамтарсан сурталчилгаа хийдэг байх зохицуулалт хийх боломжтой юу? Мэтгэлцээд л явъя. Зардал ч хэмнэнэ, хэн нь хэн бэ гэдгийг ялгаад өгнө.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Жагсаалтад орсон хүн сайд болохгүй гэх мэт бол улстөрийн бодлогын л асуудал. Нам дотроо зохицуулахад болохгүй зүйл байхгүй байх. Мэтгэлцээний тухай хуулийн төсөлд тусгасан. 2012 оны хуулиар босго давж байгаа намуудад суудал хуваарилахдаа "Их үлдэгдэл"-ийн гэх зарчим хэрэглэсэн санагдаж байна. Дараа нь учиргүй том маргаан асуудал гараагүй. Ямар ч байсан саналаа өгсөн хүн бүрийн санал үлдэхгүй байх л зарчим
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Холимог тогтолцоо цаг нь болсон байх. Зардал бууруулахад ямар заалтууд туссан бэ?
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ хуулиа бариад ажиллавал сонгуулийн зардал 50 хүртэл хувь буурна гэж тооцсон.
СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн сурталчилгааны үндсэн арга хэрэгсэл болох хэвлэмэл материалын хэмжээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 3 хэвлэлийн хуудас сэтгүүл, 3 хэвлэлийн хуудас сэтгүүл байсан бол тус бүрт нь 2 болгон бууруулсан. Ухуулах хуудсыг 10 болгон бууруулсан. Сонгуулийн зурагт самбарыг аймгийн төв болон дүүргийн нэг хэсэгт 5 бусад хэсэгт 3 самбартай байхаар тооцсон. Сонгуулийн сурталчилгаанд зориулан нэг хэсэгт 4 тээврийн хэрэгсэл явдаг байсныг 2 болгож бууруулсан. Нийт тооцоог дундажлаад үзэхэд нийтдээ сонгуулийн сурталчилгаанд гарч байгаа зардал 50 орчим хувиар буурахаар байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна