Махны үнэ сар тутамд нэмэгдэж, үхрийн мах 18500 мянган төгрөг болжээ. Нөөцийн мах худалдаанд гарахад иргэд "Хямд үнэтэй мах авах нь" гэж ихэд сэтгэл өндөр байсан. Зарим хүн мах үнэд орсон энэ үед нойтон мах, гэдэс, дотор авснаас илүүтэй нөөцийн мах хямд, амт сайтай байгааг хэлж байв.
НӨӨЦИЙН ҮХРИЙН МАХ ЭРЭЛТТЭЙ БАЙНА
2022 онд нөөцийн үхрийн ястай мах 8900 төгрөг, хониных 8300 төгрөг, ямааны мах 7100 төгрөгийн үнээр худалдаалагдаж байжээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж буй. Махны үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-5000 төгрөгөөр хямдаар худалдаалагдаж байна. Худалдааны цэгүүдийн хувьд байршлаас хамаарч иргэдийн худалдан авалт өөр өөр байгаа аж.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Долоон бурхан хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаж авах иргэд их байгааг дурдаж байв. Биднийг очиход тус дэлгүүрт хонь болон ямааны мах л байв. Худалдан авагчид хонь ямааны махыг яс ихтэй байгаа тул үхрийн махыг сонгон авч байгаа. Ойрын хоёр гурван хоногт савлагдаж ирээгүй хэмээн борлуулагчид хэлж байлаа.
Борлуулагчдын зүгээс болон худалдааны цэгт ажиллаж байгаа хүмүүс нөөцийн махны эрэлт багасч байгаа ч үнэ хямд учраас авах иргэд их байгааг хэллээ.
Аж ахуй нэгжүүдэд нөөцийн мах бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөгийн зээл олгосон. Нийт махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2, 3-4 килограммаар савлаж зарж байна.
Харин махны үнэ болон нийлүүлэлт хэр байгаа талаар сурвалжлахаар томоохон худалдааны төв болох “Бөмбөгөр” захыг зорьсон юм.
Хонины мах 13 мянган төгрөг, бага адууны мах 14 мянган төгрөг, үхрийн цул мах 18500 төгрөг, үхрийн ястай мах 16800 төгрөгийн үнэтэй байлаа.
Жижиглэнгийн махны нэгэн худалдагчаас махны нийлүүлэлт болон борлуулалт хэр байгаа талаар асуухад, Ойрын өдрүүдэд хүмүүсийн худалдан авалт нь их байгаа хэдий ч бага хэмжээгээр авч байгаа тул орлого тааруухан байгаа. Иргэд 10 кг мах авдаг байсан бол таван килограммыг авдаг болсон. Энэ үед нь худалдан авагчаа алдахгүйн тулд махны үнээ аль болох хөөргөдөлт оруулахгүйгээр зарж байгаа. Сүүлийн хоёр жил иргэд хэрэглээгээ танасан нь ажиглагдаж байна. Худалдан авах чадвар нь муудаж, 10 килограмм махаар 10 хонодог байсан бол одоо 20 хонодог болсноос ялгаагүй л байна" гэсэн юм.
Үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.44 хувиар буюу 773 төгрөгөөр өссөн байна.
Иргэн н.Лхамхүү
Би Баянгол дүүргийн иргэн. Манай гэрийн ойролцоо нөөцийн мах худалдаалагдаж байгаа. Манайх нөөцийн мах авч хэрэглэж байсан юм. Гэтэл өчигдрөөс хойш савлагдаагүй гээд байхгүй байна. Тэгэхээр нь Бөмбөгөр худалдааны төвөөс үхрийн мах худалдан авахаар ирсэн юм. Гэтэл нөөцийн махны үнэ эндэх нойтон махны үнэ нилээдгүй үнийн зөрүүтэй байх юм. Худалдагчдаас асуухад шинэ мах үүнээс доошоо үнэ байхгүй гэлээ. Нөөцийн махны хувьд үнэ боломжийн амт нь ч гэсэн тун зүгээр байсан. Гэвч нойтон махыг яагаад ч гүйцэхгүй л дээ" гэсэн юм.
Ц.Наранцацрал
Уншиж байна |