Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалах таних бүсэд БНХАУ-ын армийн онгоц, байлдааны хөлгүүд илэрсэн талаар Тайванийн Батлан хамгаалах яам Твиттер хуудсандаа бичжээ.
"Тайванийн ойролцоо Хятадын Ардын чөлөөлөх армийн 26 онгоц, долоон хөлөг онгоц бүртгэгдлээ" хэмээн Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Хятадын 14 сөнөөгч онгоц Тайванийн хоолойн "дундын шугам"-ыг зөрчиж, таних бүсэд нэвтэрсэн гэдгийг онцолжээ.
Ийнхүү Хятадын онгоц, хөлөг онгоцууд ойртон ирсний хариуд Тайвань агаарын болон тэнгисийн эргүүлээ чангатгаж, пуужингийн комплексуудаа бэлэн байдалд оруулсан байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн онд Тайваньд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси айлчилснаас хойш АНУ, Тайвань, Хятадын харилцаа хурцадмал байдалд шилжсэн юм. Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг БНХАУ энэ айлчлалыг эрс эсэргүүцэн, Пелоси Тайваньд айлчилвал пуужин харвана гэсэн ноцтой мэдэгдэл хийсэн ч байдал тайван өнгөрч байлаа. Гэсэн ч үүний дараагаас Хятад улс цэргийн бэлтгэлээ эрчимжүүлж, Тайвань руу байлдааны хөлөг онгоц хөөргөх, арлын дээгүүр нисгэх зэргээр сүрдүүлэх болсон. Цаашлаад, өнгөрсөн долоо хоногт Тайванийн тэргүүн Цай Инвэнь АНУ-д айлчилсны улмаас БНХАУ дахин цэргийн сургуулилалт хийж, Тайванийг бүслэх аргыг боловсруулсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |