Сүүлийн жилүүдэд дэлхийн урлагийн салбарын нэр хүнд бүхий зүтгэлтнүүд олон жилийн өмнө эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамт болон хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан тохиолдол хэдэнтээ гарч, энэ нь нийгэмд нөлөөлж, нэгэнтээ дарамтад учирж байсан бүсгүйчүүд ч ил гарч, хэргийн талаар мэдээлэх болсон юм. Энэ удаад нэрт жүжигчин Жерар Депардье бэлгийн дарамтын хэрэгт буруутгагджээ.
Тодруулбал, Францын Mediapart сайт Жерар Депардьег дарамт болон бэлгийн хүчирхийлэлд буруутгасан 13 эмэгтэйн гэрчийн мэдүүлгийг нийтэлсэн байна. Депардьегийн хохирогч хэмээн өөрсдийгөө танилцуулсан бүсгүйчүүдийн өгүүлснээр, жүжигчин тэднийг тэвэрч аван, дотуур өмд рүү нь гараа хийхийг оролдож, зүй бус үгс хэлдэг байсан гэнэ. Жүжигчин сүүлийн 20 жилийн туршид киноны зураг авалт болон олон нийтийн газар ийм зүй бус авир гаргасан гэж эмэгтэйчүүд өгүүлжээ. Мөн түүнийг ийм үйлдэл гаргаж байхад ойр орчмын хүмүүс нь болиулахын оронд, инээж хөгжилдөж байдаг хэмээн тэд ярьсан байна.
Харин үүний хариуд Депардьегийн өмгөөлөгч мэдэгдэл хийхдээ "жүжигчин эрүүгийн хуулиар шийтгэгдэж болзошгүй эдгээр үйлдлийг бүгдийг нь няцааж байгаа" хэмээн онцолжээ.Одоогоос хоёр жилийн өмнө Францын Прокурорын газар Депардьег 2018 онд залуу жүжигчин эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргийн мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлсэн юм. Депардье энэ хэргийг ч няцааж байгаа бөгөөд хэргийн мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |