УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.
Дараалал ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ... -д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ." гэж заасны "... 41.1.3, ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг тус тус зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа самарч байгаагаа хэзээ зогсоох юм бэ? Үндсэн хуулийг 2016 оны дүгнэлтээ эргэж харсан зохисгүй зүйл хийсэн. Тэрнээс болоод өнөөдөр сонгуулийн хуулийн асуудал орж ирж байна. 2019 онд Үндсэн хууль хэлэлцэхэд холмиог тогтолцоо унасан. Гэтэл УИХ шийднэ гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг болиулмаар байна. Үндсэн хуулийн цэцээсээ эхлээд Монголын төр дампуурч байна. Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийгээд сууж байна. Ард түмэн гишүүнээ сонгохдоо ямар нэг байгууллага дамжихгүй гэж 2016 онд дүгнэлт гаргачихаад одоо болох юм шиг яриад байна. Зөнөчихсөн байна. Цэц тэтгэвэртээ гараад зөнөчихсөн байна. Буцааж тат. Хууль бус, төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлэг. Үндсэн хууль төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүсийг суулгаад байж болохгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Цэцийн тухай хуулийн 5дугаар зүйл дээр Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол эргүүлэн татах асуудлыг тухайн томилсон байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно. Ижил төстэй хуульд энэ заалт бий. Хоёрдугаарт, ард түмний төлөөлөгчдийн байгууллагын бүрэн эрхийн баталгаа учраас Үндсэн хууль болон бусад хуультайгаа зөрчил үүсэх юм билээ. УИХ-аас томилдог байгууллагуудын томилгоог тухайн байнгын хороо санал дүгнэлт гаргана гэсэн байгаа. Тэгэхээр тухайн байнгын хороо санал дүгнэлт гаргаад хэлэлцэх эрхтэй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би тэр хүмүүсийг огцруулах саналыг байнгын хороонд гаргасан шүү дээ. Миний тэр асуудлыг Байнгын хороо хэлэлцэх бүрэн боломжтой. Энэ асуудал бол Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг бузар зүйл. Энэ байдлаар Монголын төр хэзээ ч цэгцрэхгүй.
Уншиж байна |