ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлснийхээ дараа эрүүгийн болон бусад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, цэргийн албанаас оргон зайлсан хүмүүст оноох шийтгэлийг чангатгасан юм. Улмаар 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын цэргийн насны эрчүүд олноороо хилийн чанадыг зорьж байсан тул энэ удаад цэргийн насныхны хөдөлгөөнийг хязгаарлах хуулийн нэмэлтийг боловсруулж, улмаар энэ хуулийг баталлаа.
Ингэснээр армид алба хаахаас зайлсхийсэн иргэд хилийн чанад руу явах, машин жолоодох, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл хийх, зээл авах, аж ахуйн нэгж бүртгүүлэх эрхгүй болж байгаа юм.
Энэ талаар Төрийн думын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов мэдэгдсэнийг ТАСС дамжуулжээ. Түүний мэдэгдсэнээр, шинэ хуулиар цэргийн зарлан дуудах хуудсыг цахимаар болон цаасан байдлаар хүргүүлэх бөгөөд аль аль нь хүчин төгөлдөрт тооцогдох юм байна.
"Тухайн хүн зарлан дуудах хуудас аваагүй, эсвэл аваагүй мэт дүр эсгэлээ ч хоёр долоо хоногийн дотор сайн дураар цэргийн комиссарын газар очих үүрэгтэй. Ингэж очихгүй бол түүний гадагш зорчих эрхийг нь хязгаарлаж байгаа тухай мэдэгдэл хүргүүлэхийн дээр бусад хязгаарлалтын арга хэмжээ авахыг сануулна" хэмээн Картаполов онцолжээ.
Энд дуулгахад, энэхүү хуулийн төслийг олон жилийн өмнө Төрийн думд өргөн барьж байсан бөгөөд 2018 онд анхны хэлэлцүүлэгт орсон байна. Харин хоёр дахь хэлэлцүүлэг Украины дайн эхлэхийн өмнөхөн буюу 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр болж, үүний дараа гацсан байна.
Энэ хуулийн төслийг цэрэг татлагаар энэ жил өмнөх оноос олон хүн татах тушаал гаргасантай зэрэгцэн хэлэлцэн баталсан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хугацаат цэргийн албанд цэрэг татах тухай тушаалд гарын үсэг зурсан. Цэрэг татлага дөрөвдүгээр сарын нэгний өдөр эхэлсэн бөгөөд долдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. 2023 оны хаврын цэрэг татлагаар сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн олон цэргийг татахаар байна. Өмнө нь хугацаат цэргийн албанд 132 500 -135 700 хүнийг татдаг байсан бол энэ онд 147 мянган хүнийг шинээр цэрэгт татах юм.
Судлаачдын тооцоолсноор, энэ удаагийн цэрэг татлагаар 2004 онд төрсөн нийт эрчүүдийн 19 хувь нь цэрэгт татагдах юм байна. Намрын цэрэг татлагыг мөн л ийм тоогоор хийвэл 2004 онд төрсөн нийт эрчүүдийн 30 хувь нь хугацаат цэргийн албанд татагдах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |