Ши Жинпинь цэргүүдээ бодит байлдааны ажиллагаанд бэлдэхийг уриалжээ

БНХАУ-ын дарга Ши Жинпинь Хятадын цэргийн алба хаагчдыг бодит байлдааны ажиллагаанд бэлдэхийг уриалжээ. Энэ талаар тэрбээр Хятадын Ардын чөлөөлөх армийн Байлдааны командлалын өмнөд бүсийг шалгах үеэрээ мэдэгдсэн байна.
"Байлдааны цэргийн бэлтгэлийг идэвхжүүлж, цэргийн сургалтыг тогтмол явуулж, дайн болон байлдааны ажиллагааны асуудлаарх судалгааг гүнзгийрүүлэх шаардлагатай" хэмээн Ши Жинпинь мэдэгдсэнийг Хятадын төв телевиз дамжуулжээ.
Түүнчлэн цэргийн шинжлэх ухааны салбарын судалгааг гүнзгийрүүлж, армийн сургалтын тактик, аргуудыг шинэчлэхийг уриалсан байна.
Үүний зэрэгцээ Ардын чөлөөлөх армийг "хүнд нөхцөл байдалд нэн шуурхай, зохих ёсоор хариу өгөх чадвараа дээшлүүлэх, Хятадын нутаг дэвсгэрийн тусгаар байдлыг шийдэмгий хамгаалах"-ыг шаарджээ.
"Нутаг дэвсгэрийн тусгаар байдал" гэсэн үгний ард тэрбээр Тайванийн асуудлыг хэлсэн байх магадлал өндөр. Учир нь Хятад Тайванийг өөрийн нэг муж гэж үздгийн дээр Тайваньтай бусад орнууд аливаа байдлаар харилцахыг "Хятадын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг" хэмээн үздэг. Тиймдээ ч Тайвань, АНУ ажил хэргийн уулзалт, айлчлал хийх үеэр Хятадын тал цэргийн сургуулилалт хийж, Тайвань руу довтлох төлөвлөгөөг боловсруулдаг юм. Хамгийн сүүлд гэхэд Тайванийн тэргүүн Цай Инвэнь АНУ-д айлчилсантай холбоотойгоор Хятадын Ардын чөлөөлөх арми өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийж байв.
"Нэгдсэн хурц илд" нэртэй гурван өдрийн цэргийн сургуулилалтыг Тайвань арлын орчимд хийж, дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өндөрлүүлсэн. Энэ үеэр Хятадын цэргийн алба хаагчид хилийн эргүүл хийх, Тайванийг бүслэлтэд оруулах аргуудыг боловсруулсан байна. Цэргийн сургуулилалтад алсын зайн артиллери ашиглаж, тэнгисийн бүс нутгууд болон Тайванийн хоолойн агаарын орон зайд сөнөөгч, бөмбөгдөгч, довтлогч онгоцуудыг оруулсны дээр пуужин тээвэрлэгч хөлөг онгоцууд ч тэнгист гарсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ