Украинд дайн өдүүлснийхээ улмаас олон улсын хоригт орж, эдийн засгаа боомилуулсан ОХУ "нөхөрсөг орнууд " (shuud.mn: ОХУ өөрийнх нь эсрэг зогсоогүй, хоригт нэгдээгүй орнуудыг ийн нэрлэсэн)-даа түшиглэн түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх замаар эдийн засгаа аврахыг хичээж байгаа юм. Тиймдээ ч саяхан болж өнгөрсөн Хятадын төрийн тэргүүний айлчлалаар эдийн засгийн салбарт олон гэрээ хэлцэл хийсэн бөгөөд эдгээрийн ихэнх нь ОХУ Хятадад хямдралтай үнээр түүхий эд нийлүүлэхтэй холбоотой байсан нь цаашлаад "Орос Хятадын түүхий эдийн бааз болох магадлалтай" гэдгийг харуулж байгаа талаар ажиглагчид онцолж байв. Ийм байр суурийг АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уильям Бернс ч илэрхийлжээ.
Өмнө нь Москвад АНУ-ын Элчин сайдаар сууж байсан, өдгөө Тагнуулын төв газрын дарга Уильям Бернсийн үзэж байгаагаар ОХУ улам бүр Хятадаас хамааралтай болж байгаа бөгөөд "цагийн эрхээр Хятадын эдийн засгийн колони болох эрсдэлийг гаргаж байгаа" аж. ОХУ өдгөө эрчим хүчний болон бусад түүхий эдийн экспортын салбарт Хятадаас ихээхэн хамааралтай болсон, гэхдээ энэ нь "асар том стратегийн бүтэлгүйтэл" болох Москвагийн өдүүлсэн дайны ердөө нэг л үр дагавар гэж Бернс онцолжээ.
"Зөвхөн амьд хүч, техникийн хохиол, Оросын зэвсэгт хүчин олон талаар амссан гутаан доромжлол төдийгүй хориг арга хэмжээ, экспортын хязгаарлалтаас үүдэлтэй урт хугацааны хохирол, Оросоос гарсан барууны 1000 гаруй компани эдийн засагт нь цааш хэрхэн нөлөөлөхийг бодоод үз" хэмээн Бернс Рейсийн их сургуулийн дэргэдэх Бейкерийн олон нийтийн бодлогын хүрээлэнд үг хэлэх үеэрээ онцолжээ.
Түүнчлэн, Владимир Путин дайн эхлүүлэхдээ НАТО-г сулруулж, хагарган бутаргахыг хүссэн ч үнэн хэрэгтэй НАТО нэгдсэн бодлого хэрэгжүүлж, бутрах нь бүү хэл шинэ орноор эгнээгээ тэлсэн гэдгийг Бернс цохон тэмдэглэсэн байна.
"Энэ бүхнээс харахад Путиний Орос орон өөрийн хаалганд гоол оруулсан болж таарч байна" хэмээн АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Бернс мэдэгджээ.
Өнгөрсөн онд Орос, Хятадын хоорондын бараа эргэлт 29,3 хувиар өсөж, 190 тэрбум долларт хүрсэн юм. Энэ нь Оросын газрын тос, нүүрс, бусад түүхий эд гадаад зах зээлээ алдсантай холбоотой. Өмнө нь ОХУ газрын тосоо олон орон руу эзспортлодог болсон бол дайн эхлүүлж, хоригт орсноор гагцхүү Хятад, Энэтхэг рүү л газрын тосоо нийлүүлж, энэ оны гуравдугаар сард гэхэд газрын тосны нийлүүлэлтийн 91 хувь нь энэ хоёр орныг чиглэжээ. Ийнхүү Хятад, Энэтхэг рүү газрын тос нийлүүлэхдээ хямдралтай үнээр нийлүүлж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Харин энэ онд Хятадаас хамаарах Оросын газрын тосны нийлүүлэлт улам л өсөж, хоногт 2,2 сая баррель болж, цаашлаад Хятад арилжааны эсвэр стратегийн нөөцөө дүүргэхээр шийдвэл хоногт 2,5 сая баррель болж нэмэгдэнэ гэж Блүмберг сонин мэдээлж байв.
Үүний зэрэгцээ, өмнө нь барууны болон Азийн брендүүдээр дүүрэн байсан Оросын автомашины зах зээл өдгөө Хятадын "занганд" бүрэн оржээ. 2022 оны дүнгээр шинэ машины борлуулалт 59 хувиар унасан бол өмнө нь Оросын машины зах зээлд 7,5 хувийг эзлэж байсан Хятадын бренд нэг жилийн дотор огцом өсөж, 19,4 хувюийг эзлэх болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |