Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Таванбогд групп КFC хотхон байгуулах гэж байгааг эсэргүүцэж, өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улс түүхэндээ хоёрхон удаа үндэсний хэмжээний ногоон байгууламж байгуулсан байна. Өнгөрсөн зуунд Үндэсний соёл амралтын хүрээлэн/Хүүхдийн парк/-г байгуулсан. Үүнийг Бодь групп, тал талаас нь хэдэн хулгайч, олигархиуд хашаалж, байхгүй болгосон. Үндэсний соёл амралтын хүрээлэнд 2005 онд НИТХ-ын шийдвэрээр хамтарсан ХХК болгож өөрчилсөн. Тухайн үед хотын даргаар М.Энхболд ажиллаж байсан.
Яг энэ арга, замнал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бий болох гээд байна. Таван Богд группын захирал Ц.Баатарсайхан гэж хүн бий. Алтан загасны эмгэн Ц.Баатарсайхан гуай, Улаанбаатарын уушгинаас савраа тат.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг газар. Гэтэл энэ газарт КFC land гэдэг юм барьж, бетон зуурч, худалдаа наймаа хийх гэнэ.
Таванбогд групп Хөгжлийн банкнаас 100 гаруй тэрбум төгрөг авч, ганцхан тэрбумыг нь зориулалтын дагуу ашигласан гэж сонсголын үеэр яригдсан. Говь үйлдвэр, Галлериа Улаанбаатарыг яаж авсан вэ? KFC нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээр монголчуудыг хордуулж байна. Хаан банк нь гүйлгээ тутамд 100 төгрөгийн шимтгэл авч байна. Энэ хүний шунал яасан ханаж цаддаггүй юм бэ.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхэд зориулсан бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол хотын захын гэр хороолол руу хийгээч ээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га гэдэг бол дундажаар 20 айлын газар. Гэр хороололд 20 нүхэн жорлон, янданг буулгах боломж байна” гэдгийг Таван Богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайханд дамжууллаа.
Мөн тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Хүүхдийн паркийн адилаар том компаниуд бүтээн байгуулалт нэрээр тасдаж авах хэмжээнд хүрээд байгааг анхаарууллаа.
Б.Хэрлэн
Уншиж байна |