Өнгөрсөн долоо хоногт ямар ч тайлбар хийлгүйгээр Твиттер сүлжээнийхээ цэнхэр шувуу бүхий логог нохойны дүрсээр сольж байсан Илон Маск энэ удаад Твиттер дэх хэрэглэгчийн нэрээ сольжээ.
Өмнө нь өөрийнхөө нэрээр "жиргэдэг" байсан Илон Маск хэрэглэгчийн нэрээ өөрчлөн, одоо Harry Bolz нэртэйгээр жиргэдэг болсон байна. Ийнхүү нэрээ солих болсон талаараа тэрбээр ямар нэг тайлбар өгөөгүй аж.
Энд дуулгахад, Твиттер сүлжээг өөрийн болгосноос хойш Илон Маск ажилтнуудыг олноор халахын зэрэгцээ олны анхаарлыг татсан, даажигнал гэмээр үйлдэл хэдэнтээ гаргаж байлаа. Тухайлбал, энэ сарын дөрөвний өдөр Твиттер гэнэт л логогоо сольж, цэнхэр шувууны оронд нохойн дүрс гарах болсон юм. Твиттер Dogecoin криптовалютын бэлгэдэл болсон нохойны зургаар логогоо сольж, улмаар энэ нь Dogecoin-ы үнэд нөлөөлж, криптовалютын үнэ 30 хувиар нэмэгдэж байлаа. Түүнчлэн, өнгөрсөн хоёрдугаар сард нохойгоо ерөнхий захирлаар томилсон хэмээн хошигнон бичиж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |