"Ветераны России" төрийн бус байгууллага Зөвлөлт, Оросын нэрт дуучин София Ротаругийн хөрөнгийг хураахыг шаардан ОХУ-ын Ерөнхий прокурорын газар болон Мөрдөн шалгах хороонд өргөдөл гаргажээ.
Ийнхүү Ротаругийн хөрөнгийг хураахыг шаардсан нь дуучин эмэгтэй дайн эсэргүүцдэгтэй холбоотой аж.Оросын ТАСС агентлагт "Ветераны России" ТББ-ын гүйцэтгэх захирал Вадим Мироненко байр сууриа илэрхийлэхдээ, Москва болон Ялта дахь Ротаругийн үл хөдлөх хөрөнгийг хурааж, зарж борлуулаад, үүнээс олсон орлогыг Оросын армийн хэрэгцээнд зарцуулахыг шаардаж байгаа хэмээн онцолжээ.
"Түүнчлэн, тусгай цэргийн ажиллагааг дэмждэггүй, Украины хүчний байгууллагуудыг санхүүжүүлэхийг уриалдаг уран бүтээлчид болон блогчид Орост мөнгө олох боломжгүй болохын төлөө бид тэмцэнэ" хэмээн Мироненко онцолсон байна.
Украин гаралтай дуучин София Ротару өнөөгийн дайн эхэлсэн цагаас эхлээд л Инстаграмаараа дамжуулан дайн эсэргүүцсэн мэдэгдэл удаа дараа хийж байсны дээр өнгөрсөн оны наймдугаар сард шүтэн бишрэгчдэдээ хандан Украины цэргийн алба хаагчдын эхнэр, хүүхдэд туслах санд мөнгө хандивлахыг уриалж байв. 1947 онд Украинд төрсөн София Ротару ЗХУ-ын Ардын жүжигчин төдийгүй 2002 онд Украины баатар, 2021 онд Украины Үндэсний домог цол хүртэж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |