Хятадын дөрвөн иргэн "Аватарын уулс" гэгддэг хаднаас үсэрч нэг дор амиа хорложээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Аватарын уулс" гэдгээрээ алдартай Тяньмэнь ууланд дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр дөрвөн хүн амиа хорлосон гэдгийг Хунань мужийн орон нутгийн захиргаа баталжээ. Нэг дор амиа хорлохоор болсон дөрвөн хүний гурав нь эрэгтэй байсан бөгөөд тэд хаднаас үсэрч амиа хорлосон байна. Харин нэг эмэгтэйг үсрэхээс нь сэргийлж чадсан ч эмэгтэй үсрэхээс өмнө уусан хорондоо хордож амиа алджээ.
Тэд 22-33 насны, Фужянь, Хэбэй, Хэнань, Сычуань гээд өөр өөр мужийн оршин суугчид байсан аж. Тэд хэрхэн танилцаж, бөөндөө амиа хорлох болсон шалтгаан нь юу байсан талаарх мэдээлэл гараагүй байна. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, тэд бүгд амиа хорлох гэж байгаа тухайгаа зурвас бичин үлдээжээ. Хятадад дөрвийн тоог үхлийн бэлгэдэл хэмээн үздэг бөгөөд дөрвөн хүн, дөрөвдүгээр сарын дөрөвний өдрийг сонгосон нь ихээхэн анхаарал татаж байгаа аж.
Энд дуулгахад, Жеймс Кэмерон Жанжяжэгийн байгалийн үзэсгэлэнг харснаар Аватар кино бүтээх сэдэл төрсөн гэх бөгөөд энэ киноны зарим хэсгийг Хятадын энэхүү байгалийн үзэсгэлэнт газар авснаас хойш Аватарын уулс гэх болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |