Украины Полтава хотод Зөвлөлтийн генерал Алексей Зыгин болон Николай Ватутин, түүнчлэн яруу найрагч Александр Пушкиний хөшөөг буулгахаар болжээ. Энэ шийдвэрийг хотын зөвлөлийн гишүүд дөрөвдүгээр сарын долооны өдөр гаргасан гэж Украины Соёл, мэдээллийн бодлогыг сайд Александр Ткаченко бичсэн байна. "Соёл, мэдээллийн бодлогын яам үүнийг хийхийг эртнээс зөвлөсөн. Одоо I Петрийн хөшөөтэй холбоотой шийдвэрийг хүлээж байна" хэмээн Ткаченко өгүүлжээ.
Генерал Алексей Зыгиний хөшөө болон яруу найрагч Александр Пушкиний цээж баримлыг Зөвлөлтийн үед Полтава хотод босгожээ. Харин Украины босогчдын армийн хэсэгтэй тулалдах үеэрээ шархдаж, 1944 онд нас барсан Николай Ватутиний хөшөөг 2013 онд босгосон байна. Эдгээр хөшөөг буулгах ажил ойрын үед эхлэх аж.
Энд дуулгахад, Украин руу Орос түрэмгийлсний дараагаас Украинд Орос эсвэл Зөвлөлт Холбоот Улстай холбоотой гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг сольж, хөшөө, дурсгалын самбаруудыг буулгаж байгаа юм. Өмнө нь Дээд рад Новоград-Волынский хотын нэрийг түүхэн нэршил болох Звягель гэсэн нэртэй болгох шийдвэр гаргаж байсан бол Харьков хотод Александр Пушкиний цээж баримал, Зөвлөлтийн маршал Георгий Жуковын хөшөөг буулгаж байлаа. Харин өнгөрсөн оны сүүлээр Одесс хотод Оросын жанжин Александр Суворовй болон II Екатерина хатан хааны хөшөөг буулгаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |