KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га талбайд хотхон байгуулах төсөл эхэлснээ зарлав. Гэвч энэ төсөл иргэдэд таалагдсангүй, таашаахаас илүү шүүмжлэгчид олон байна.
Учир нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол хэдийнэ бэлэн болсон хүрээлэн. Тэнд KFC хотхон байгуулсан, байгуулаагүйгээс үл хамаараад жил бүр тохижилт хийгдэж, мод зүлэг тарьдаг. Хамгийн чухал нь нийслэлчүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цемент цутгаж, бетон зуурахыг хүсэхгүй байна. Тэнд мод тарьж, зүлэг суулгахыг, ядаж тэр газрыг байгалиар нь байлгахыг хүсэж байгаа. Чөлөөтэй алхаж, гүйж, агаар амьсгалах гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очдог. Гэтэл KFC хэдийнэ бэлэн болсон хүрээлэнд хотхон нэрээр цемент цутгахыг санаархаж байна.
Дэлхийн брэндийг эзэмшигч компани нийгмийн хариуцлагаа ухамсарласан бол өөр газрыг сонгож болох байсан. Хүүхэд тоглох, хөгшид нарлах орчингүй асар их газар нийслэлд бий. Аль нэг гэр хорооллыг сонгож, байгуулсан бол тэр жинхэнэ нийгмийн хариуцлага, Аз жаргалын хотхон болох байв. Гэтэл хэдийнэ бэлэн болсон хүрээлэнд өөрийн нэр, логоо байрлуулна гэдэг бол сурталчилгаанаас цааш хэтрэхгүй байна.
Олон нийтийн дэмжлэгээр ажилладаг компани олны эрх ашиг, хүсэл сонирхлыг үл тоодог биш сонсдог, ойлгодог, харгалздаг байвал илүү удаан оршин тогтнох нь тодорхой.
Б.Хэрлэн
Уншиж байна |