Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Нюрнбергийн шүүх ажиллагааны сүүлчийн прокурор Бен Ференц таалал төгсжээ
2023-04-10

Нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүх Нюрнбергийн шүүх ажиллагааны прокурорууд дундаас цорын ганц амьд үлдсэн байсан Бен Ференц 103 насандаа АНУ-д таалал төгсжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Ференц Румыний Трансильванид 1920 онд төржээ. Тэдний гэр бүл АНУ руу цагаачилж, хожим нь Нью-Йорк хотноо суурьшсан байна. Ференц 1943 онд Харвардын хуульзүйн сургуулийг төгссөний дараа АНУ-ын армид алба хаах болж, Норманд болон Арденны ажиллагаанд оролцож байжээ. Тэрбээр түрүүч цолтой болтлоо алба хааж, дайны сүүл үед нацистын цэргийн гэмт хэргийн нотлох баримт цуглуулах, хэргийг мөрдөх чиг үүрэг бүхий бүлэгт нэгдсэн байна.

 

Энэ бүлэг Герман дахь Америкийн армийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд бөөнөөр хорих лагерийг чөлөөлсний дараа эдгээр лагерьт очиж, нөхцөл байдлыг баримтжуулан, амьд үлдсэн хүмүүсээс мэдүүлэг авдаг байжээ. Хожим нь Ференц ярихдаа, тухайн үед "бөөнөөр нь овоолсон цогцоснууд", "хөдлөх ч тэнхэлгүй болж, араг яс болтлоо турсан хүмүүс, сүгрьеэ, суулга зэрэг олон өвчний улмаас орон дээрээсээ босож ч чадахгүй болсон эсвэл газарт хэвтээд харцаараа аврал эрсэн хүмүүсийг харж байсан" хэмээн онцолж байв.

 

Тэрбээр Германы нутаг дахь хамгийн том лагериудын нэг болох Бухенвальдыг "дүрслэх ч боломжгүй аймшиг " хэмээн ярьж байжээ.

 

"Нацистын лагериудад үйлдэгдсэн цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгаж байсан ажил минь надад ихээхэн хүнд туссан. Би одоо хэр нь энэ талаар дэлгэрэнгүй ярих, бодохоос ч зайлсхийдэг. Өнөөдөр ч гэсэн нүдээ анихаар л хэзээ ч мартаж боломгүй аймшгийг олж хардаг. Чандарлах газрын яндангаас гарч буй утаа, эцэж туйлдаж, араг яс болтлоо турсан хүмүүсийн цогцосыг шатаахаар овоолсон байдал гээд л. Би тамыг олж харсан" хэмээн Ференц дурсаж байв.

 

Дайны дараа Ференц Нью-Йоркод хуулийн салбарт ажиллахаар эргэн ирсэн ч түүнийг Нюрнбергийн шүүх ажиллагаанд татан оролцуулахаар болжээ. Ингээд залуу хуульч энэ төрлийн туршлага байгаагүй ч нацистын Германы цэргүүд үйлдсэн үй олноор хөнөөсөн хэргийн нотлох баримтуудыг цуглуулахаар Нюрнберг рүү явсан аж. Тэрбээр Зүүн Европын нутаг дэвсгэр дээр сая гаруй хүнийг хөнөөсөн СС-ийн үхлийн эскадроны "айнзагруппен"-ий гишүүдийг шүүх ажиллагаанд гол яллагч болсон байна.

 

Ференцийн өгүүлснээр, үй олноор хөнөөсөн болон цэргийн бусад гэмт хэрэгт оролцсон 3000 хүний жагсаалт прокуроруудад байсан ч нацист дэглэмийн толгойлогч гэж 22 хүнийг л Нюрнбергийн гол шүүх хурлаар шүүсэн байна. Бүх хүмүүсийг шүүх боломжгүй байсан тул ийнхүү цөөн хүнийг сонгон шүүжээ. Шүүх хурлаар орсон 22 хүн бүгд ял сонссон, тэдний 13 нь цаазын ял сонссоноос дөрвийг нь олны өмнө дүүжлэн хороожээ.

 

Шүүх ажиллагаа дууссан.ы дараа Ференц баруун Германд үлдэн, хавчлагад өртсөн еврейчүүд эрх баригчдаас нөхөн төлбөр авахад нь туслаж байсан гэнэ. Ференц амьдралынхаа сүүлийн жилүүдэд олон улсын эрхзүйн профессор болж, цэргийн гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон засгийн газрын тэргүүнүүдийг шалгах олон улсын шүүх байгуулахын төлөө зогсож, энэ сэдвээр хэд хэдэн ном бичжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин