Багш нарыг хамгийн бага цалингаар хамгийн том, чухал салбарыг үүрч яваа хүмүүс гэж ярьдаг. Мэдээж, цалин урамшуулал тааруу, ажлын ачаалал их, хангамж муу зэрэг гэх мэт сөрөг шалтгаанууд тэднийг өөр салбарт ажиллах, гадаад орныг зорих хөшүүрэг болж байна. Мөн өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нар 1.5-2.0 сая төгрөгийн цалин авдаг талаар мэдээлсэн. Гэвч багшийн цалин, нийгмийн хангамж, сургалтын орчин, ажлын ачаалал, ахуйн асуудлыг тоочоод дуусашгүй их. Энэхүү асуудлуудын талаар хот болон орон нутгийн төлөөллүүдээс зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын 126-р сургуулийн сургалтын менежер Ч.Даваацэрэн
-Эрүүл мэндийн салбар сувилагчийн дутагдалд ороод байгаа шиг нөхцөл байдал боловсролын салбарт нүүрлээд байна гэх. Танай сургуульд одоогийн байдлаар багшийн дутуу орон тоо байгаа юу?
- Ер нь бол хөдөө орон нутаг болон хотын захын сургуулиуд багшийн орон тооны дутагдалтай байдаг. Манай сургуулийн хувьд математик, химийн хичээлийн багш дутагдалтай байна.
- Ямар мэргэжлийн багш илүү их эрэлт хэрэгцээтэй байна вэ?
- Орос хэлний багш, бага ангийн багш, мөн гол хичээлүүдийн нэг болох математик, хими, монгол хэл зэргийн багш дутагдалтай байна.
- Одоогоор байхгүй байгаа багшийнхаа орон зайг хэрхэн нөхөж байна даа?
- Нэг багш хоёр ангид зэрэг явж хичээлээ заадаг. Харин Орос хэлний маань багш тэтгэвэрт гарсан багш байдаг. Энэ мэтээр л багшийнхаа орон тоог аргацааж хичээллэж байна.
- Цахим хуудсаар "Цалин хүрэлцэхгүй хэцүү байна. Солонгос явж ажиллая" гэх багш нар их болжээ. Танай сургуульд ийм хандлагатай багш нар бий юу? Энэ асуудал дээр таны хандлага, үзэл бодол?
- Ажиллаад ажиллаад гоё сайхан амьдрал, тансаг хэрэглээ байхгүй. Гэтэл даргын цүнх бариад явдаг хүмүүс илүү сайхан амьдардаг. Гэхдээ “сайхан амьдрал” гэдэгт эдийн засгийн асуудлыг л хөндөж байгаа юм шүү. Өнөөдөр салбарын хэмжээнд 2000 гаруй багш дутагдалтай байна. Олон багш солонгос явж байна. Багш нар амьдрахын эрхэнд гадагшаа явж байгаа нь нийгэмд болж буй бодит зүйл. Манай сургуулийн хувьд одоогоор тийм яриа гараагүй л байна. Гэхдээ зуны амралтаараа виз мэдүүлэх гэсэн хүмүүс нилээдгүй л байгаа байх.
- Багш нарын доод цалин 1 сая 5 000 төгрөгөөс эхэлдэг. Харин олон жил ажиллаж байгаа багш 2 сая 800 мянган төгрөгийн цалин авч байгаа гэж Л.Энх-Амгалан сайд хэлсэн. Энэ үнэн үү ?
- Багш нарын доод цалин ЕБС-д 1005000 мянгаас эхэлдэг. Харин дээд цалин нь улсын болон хувийн сургуулиуд болон ажилласан жилээс хамаарч өөр өөр байдаг юм билээ.
- Багш нарын цалин нэмэх асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
- Мэдээж багш нарын цалинг нэмээсэй л гэж хүсдэг. Цалин бага учраас багш олдохгүй, олдсон ч нээх удахгүй гараад явчихдаг. Хэдий цалин нэмсэн ч гэсэн инфляцын хөөрөгдөлтэй энэ үед цалингаа цааш нь хуримтлуулах, хадгаламж үүсгэх ямар ч боломж байхгүй байна шүү дээ. Багш нар бол цалингаас цалингын хооронд л амьдралаа болгож байна. Цалингаас шалтгаалаад чадвартай боловсон хүчин дутагдаж байна.
Багш нарын цалин бага, ажлын ачаалал их учир сурлага сайтай хүүхдүүд багш болохыг төдийлөн хүсдэггүй аж. Үүний улмаас багш нарын чадвар сул байгааг тус салбарынхан онцолдог. Энэ талаар нэр бүхий багш мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Би хорь дугаар зууны багш. Миний үед хамгийн онц сурлагатай хүүхдүүд багшийн дээдэд ордог байлаа. Гэтэл сүүлийн үед багшийн мэргэжил үнэгүйдэж, хүүхдүүд багш болох сонирхолгүй болж байна. Үүний улмаас ЭЕШ-ийн оноо багатай, сургуульгүй үлдсэн хүүхдүүд багшийн сургуульд элсдэг болсон. Энэ нь багш нарын ур чадварт чухал нөлөө үзүүлж байна.
Хэнтий аймаг Цэнхэрмандал ЕБС-ийн захирал Д.Отгондулам
- Орон нутагт очиж ажиллах багш байхгүй байна гэж ярих нь нийтлэг болж. Танай сургуульд одоогийн байдлаар багшийн дутуу орон тоо байгаа юу?
- Манай сургуулийн хувьд одоогоор орон тоо бүрэн байна. Гэхдээ орон нутагт ирж ажиллах багш их ховор байдаг. Уг хэрэгтээ бол орон нутагт бүхий л талаар нь дэмжих, өсөн дэвших боломж байдаг шүү дээ.
- Гаднаас очсон багшид цалингаас гадна ямар нэгэн дэмжлэг сургуулийн зүгээс үзүүлдэг үү? (Орон байр өөр бусад зүйлс...)
- Тухайн ирэх гэж байгаа багштайгаа эхлээд ярилцдаг. Аль болох бүхий л боломжоороо дэмжлаг туслалцаа үзүүлэхийг хүсдэг дээ.
- Ямар мэргэжлийн багш илүү их эрэлт хэрэгцээтэй байна вэ?
- Ерөнхийдөө бол байгалийн ухаан, дуу хөгжим, бага ангийн багшийн эрэлт хэрэгцээ их байдаг.
- Цахим хуудсаар "Цалин хүрэлцэхгүй хэцүү байна. Солонгос явж ажиллая" гэх багш нар их болжээ. Танай сургуульд ийм хандлагатай багш нар бий юу? Энэ асуудал дээр таны хандлага, үзэл бодол?
- Одоогоор байхгүй байна. Бид цалингийн хувьд бүхий л нэмэгдэл урамшуулал аваад явж байгаа. Нийтлэг ажиглагдсан зүйл гэвэл багш нар болон төрийн албанд ажиллаж буй хүмүүс урт хугацааны амралтаараа виз мэдүүлж 1-3 сарын дотор яваад ирсэн тохиолдол бол байгаа. Тэнд очоод ганцхан сар ажиллахад 2-3 сарын цалингаа олж байх жишээний. Ийм байхад багш нар гадагшаа зүглэхгүй гээд яахав дээ.
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Төгс-Итгэл
Багш нарын цалин үнэхээр бага байна. Хамгийн сайн багш хоёр сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Тэр нь нийслэлийн лаборатори сургуулиудын багш нар, 30 хувийн урамшуулал гэж авна. Мөн зарим багшийн орон тоо хүрэлцэхгүй байгаа учраас илүү цагийн урамшуулал гэж авахаар л зарим нэг багш нар арайхийж хоёр сая төгрөгийн цалин авч байгаа байх даа.
Олон нийтийн цахим сүлжээн дэх багш нарын группээр ч “Ажилд авна”, “Багш хайж байна” гэх зарууд түгээмэл байлаа. Тухайлбал, “Хөдөө орон нутагт хими биологийн багш яаралтай авна. Орон байраар хангана”, “Бага ангийн багш ажилд авна. Тэтгэвэрт гарсан байж болно”, “Хотод ойрхон сумд ажиллах математик, бага ангийн багш байна уу?”, “Англи хэл, Орос хэл, Математикийн сэтгэлтэй, зүтгэлтэй багш нарыг ажилд авна”, “Сумын ЕБС-д бага ангийн багш, математик, хими, биологийн багш /үндсэн/, физик, мэдээллийн технологийн багш / түр/ тус тус ажилд авна” гэх мэт зарууд үзэгдэнэ.
Манай сургуулийн ахмад багш энэ салбартаа 35 жил ажиллаж байгаа щ. Ажилласан жил нь их учраас бусдаасаа өндөр цалин авдаг. Өндөр шатлалаар цалинжиж, олон жилийн нэмэгдэл 25 хувь, тэргүүлэх зэрэгтэй, анги даасан багш, кабинеттэй гээд ердөө л 1.5 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Харин залуу багш нарын хувьд нэмэгдэл урамшуулал байхгүй учраас арай бага цалин авдаг. Хэдий багшлахаар залуу хүүхдүүд ирдэг ч гэсэн цалинг нь сонсоод л ажиллаж чадахгүйнээ гээд явчихдаг.
Ц.Наранцацрал