УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Гишүүдийн асуулгад хариу хэзээ өгөх вэ? Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших газрын ховор элементийн “Халзан бүргэдэй” ордын асуулга тавьсан. Засгийн газар хэзээ хариу өгөх вэ? Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад 3 долоо хонож байна. Энэ төслийг яагаад оруулж ирэхгүй байна. Энэ бол том дарга нарын эрх ашиг зөрчигдсөн асуудал байна. Энэ Б.Энхбаяр дээр гацаад байна уу? Г.Занданшатар дарга дээр гацаад байна уу?" гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн. Хууль санаачлагчаас ирэх долоо хоногт хэлэлцүүлж өгөх саналыг үндэслэн хойшлуулсан" гэлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Батшугар "Баялгийн сангийн хуулийг яаралтай оруулж ирж баталмаар байна. Өнгөрсөн жил 12 тэрбум долларын экспорт хийсэн, 32 сая тонн нүүрс экспорлосон. Ард иргэд хүртээмж нь хаана байна вэ? гэдгийг асууж байна. Хүртээмжийг жигд хуваарилах механизм бол баялгийн сан. Монгол Улс байгалийн баялгийг жигд хүртэх ёстой. Хөгжлийн банкны сонсголоор нэг зүйл ойлгосон. Эдийн засгийн баатрууд бол ЖДҮ эрхлэгч нар, бор зүрхээрээ явж байгаа ААН-үүд. Иймээс ЖДҮ эрхлэгч нараа дэмжих бодитой бодлого хэрэгтэй байна. Бидний мэдэх том компаниуд бүгд ХБ-аас зээл аваад эргэж төлөөгүй, зориулалтын бусаар зарцуулжээ.
Он гарснаас хойш эдийн засагт хэд хэдэн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Нүүрснийг биржээр арилжиж эхэлсний үр дүнд өнөөдөр 70 доллар байсан нүүрс 170-180 болсон. 9 доллар байсан эрчим хүчний нүүрс 70 доллар болсон. Үүнийг дагаад биржээр 800 тонн нүүрс арилжаалсан байна. Сүүлийн хоёр долоо хоногт Монголбанкинд 61 сая ам.доллар заръя гэсэн банкны санал ирсэн. Сүүлийн 12,13 жил банкууд доллар худалдаж авъя гэдэг ч заръя гэсэн санал ирүүлж байгаагүй. Долларын ханш 3528 байсан албан ханш 3513 болж буурсан. 2008, 2009 оноос хойш ханш буурч байсан түүх байхгүй. Эдийн засагт бодитой өөрчлөлт хийх алтан боломж гарч ирж байна. Энэ боломжийг зөв ашиглаад ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг нь хөнгөлөх үйл ажиллагаа хэрэгтэй. Инфляци өндөр байгаа. Гэхдээ энэ нь Монгол Улсад байгаа зүйл биш. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа цаг үеийг зөв ашиглах хэрэгтэй. Бодит эдийн засагт оруулж, ард иргэддээ мэдрүүлэх хэрэгтэй" гэж үг хэллээ.
П.ГОО
Уншиж байна |