Бразилын Блуменау хотын хүүхдийн цэцэрлэг рүү сүхээр зэвсэглэсэн гэмт этгээд халдаж, олон хүүхдийн амийг хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэг гарах үед цэцэрлэгт 40 орчим хүүхэд байсан гэнэ. Гэмт этгээд цэцэрлэгийн хашааг даван орж, хүүхдүүдийг сүхээр цохиж эхэлсэн аж. Улмаар түүний гарт дөрвөн хүүхэд амиа алдаж, дөрвөн хүүхэд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Гэмт этгээд хэрэг үйлдсэнийхээ дараа өөрөө цагдаагийн хэсэгт очин, улмаар саатуулагдсан байна.
Энэ хэргийг Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Сильва аймшигт зэрлэг балмад хэрэг хэмээн нэрлэжээ.
"Үр хүүхэд, ач зээгээ алдахаас илүү эмгэнэлт, харуусам хэрэг гэж үгүй. Тэр дундаа гэм зэмгүй, өөрсдийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдийг хүч хэрэглэн хөнөөсөн нь зэрлэг балмад хэрэг. Би энэхүү эмгэнэлт хэргийн хохирогчдын ар гэрийнхэнтэй сэтгэл зүрхээрээ нэг, тэдний төлөө залбирч байна" хэмээн Бразилын Ерөнхийлөгч Твиттер хуудсандаа бичжээ.
Блуменау хот байдаг Санта-Катарина мужид энэ хэргийн улмаас гурван өдрийн гашуудал зарласан байна. Мөн дунд сургуулийн хичээлүүдийг түгр зогсоосон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |