Өнгөрсөн долоо хоногт Оросын цэргийн блогчин Владлен Татарский (жинхэнэ нэр нь Максим Фомин) Петербургын кафед болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед "Кибер Z фронт" гэх мэтгэлцээний клубийнхэн цуглан уулзалт хийж байх үеэр нэгэн эмэгтэй Татарскийд баримал бэлэглэсний дараа дэлбэрэлт болсон гэсэн мэдээлэл гарч байв. ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш энэ дайныг дэмжигч, алдартай хүн амиа алдсан цорын ганц тохиолдол нь энэ биш юм.
Игорь "Берег" Мангушев
Энэ оны хоёрдугаар сарын наймны өдөр Луганкс мужийн нэгэн эмнэлэгт Оросын үндсэрхэг үзэлтэн, улс төрийн технологч Игорь "Берег" Мангушев шархаа даалгүй нас барсан юм. Тэрбээр Украин дахь байлдааны ажиллагаанд оролцож байлаа.
Мангушевын ойр дотныхны ярьснаар, хоёрдугаар сарын дөрөвний өдөр Луганскийн Стаханова хотод түүнийг толгойн тус газар нь бууджээ. Түүнийг хэн буудсан нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм.
Игорь Мангушев өнгөрсөн оны наймдугаар сараас ихээхэн алдартай болсон. Тэрбээр олон нийтийн нэгэн арга хэмжээн дээр Мариуполь дахь Азовсталь үйлдвэрт болсон тулааны үеэр амиа алдсан Украин цэргийнх гэгдэх гавлын ясыг барьж, тайзнаа гарч ирж байлаа.
Тэрбээр "Оросын эсрэг" Украины үзэл санаа тээгчдиийг бүгдийг нь устгах ёстой хэмээн мэдэгдэж байв. Мангушевын барьж гарсан гавлын яс жинхэнэ байсан гэж эхнэр нь хэвлэлд ярихдаа өгүүлж байжээ.
Дарья Дугина
2022 оны наймдугаар сарын 20-ны өдөр Оросын философч Александр Дугины охин Дарья амиа алдсан юм. Захарово тосгонд болсон "Уламжлал" наадмаас харьж явах замд Можайскийн гүүрэн дээр түүний машин дэлбэрчээ.
Оросын холбооны аюулгүй байдал гэмт хэргийг илрүүлж, Украины иргэн Наталья Вовк Дугинаг хөнөөгөөд, Оросоос гарч Эстонийг зорьсон хэмээн мэдэгдэж байлаа. Харин Украины эрх баригчид философчийн охины үхэлд хамаагүй хэмээн мэдэгдэж байв.
Дарья Дугина аавынхаа адилаар Украин дахь цэргийн сөргөлдөөнд Оросыг дэмждэг, хэвлэлүүдээр улс төрийн экспертийн хувьд байр сууриа илэрхийлдэг, "Царьград" хэмээх үнэн алдартны сувгийн сурвалжлагч байжээ.
Владлен Татарский
Украины эсрэг дайнд эрх баригчдыг ихээхэн дэмждэг, суртал ухуулагчдын нэг гэгддэг блогчин Владлен Татарский Санкт-Петербург хотын нэгэн кафед дөрөвдүгээр сарын хоёрны өдөр болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан юм. Дэлбэрэлт Санкт-Петербург хотын "Стрит-фуд бар №1" кафед болсон бөгөөд энэ кафед Владлен Татарскийн ууулзалт болж байсан аж. Дэлбэрэлт болсны дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн ч эмчилгээ авч чадалгүй нас баржээ.
"Фонтанка" сонины мэдээлснээр, уран бүтээлийн үдэшлэгийн үеэр нэгэн эмэгтэй Владлен Татарскийд баримал бэлэглэсний дараа дэлбэрэлт болжээ. Энэ нь Татарскийг цэргийн дуулга өмсүүлэн дүрсэлсэн цээж баримал байсан гэнэ. Өөрийгөө зураач Настя гэж танилцуулсан бүсгүй өлгүүрийн хэсэг рүү очиж, тэндээс том хайрцагтай бэлэг авчирсан аж. Ингээд энэ бэлгээ Татарскийд өгснөөс гурван минутын дараа дэлбэрэлт болжээ. Баримал өгсөн эмэгтэй нь Дарья гэх эмэгтэй бөгөөд түүнийг алан хядах ажиллагаа үйлдсэн хэрэгт сэжиглэн, хоёр сарын хугацаанд саатуулан хорих болсон юм.
Дөчин настай байсан Владлен Татарский Z-блогчин гэдгээрээ алдартай, тэрбээр Телеграм сувагтай хагас сая гаруй дагагчтай. Татарский гэдэг нь зохиомол нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Максим Фомин гэдэг аж. Тэрбээр Донецк мужийн Макеевка хотод төржээ.
Оросын хэвлэлүүд түүнийг цэргийн сурвалжлагч гэж нэрлэж байгаа ч тэр сэтгүүлч биш, харин Украины дайны ажиллагаанд оролцож байсан гэнэ. Зарим хэвлэлийн бичсэнээр дайн гарахаас өмнө, 2014 онд Татарский банк зэвсэглэн дээрэмдсэн хэргээр шоронд сууж байжээ. Үүний дараа өөрсдийгөө тунхагласан Луганск улсын талд байлдах болсон байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Украины дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэх тухай гэрээнд гарын үсэг зуруулахаар Татарскийг Кремльд урьж байжээ. Тэнд очсон хойноо тэрбээр "Бүгдийг ялна, хэрэгтэй бүхнийг хөнөөнө, тононо. Бидний хүссэнээр болно. Хамтдаа тэмцэцгээе" хэмээн Оросын эрх баригчдыг дэмжсэн уриалга гаргаж байв. Үүний зэрэгцээ 10 мянган украиныг "казармд оршуулах"-ыг уриалж, "Украинд цэргийн насны хүн үлдэхгүй болох хүртэл" үргэлжлэх урт удаан дайнд бэлэн байхыг зөвлөж байлаа.
Тэрбээр өнгөрсөн онд Оросын түрэмгийлэл эхэлмэгц зэвсэг барин байлдааны бүс рүү дахин явжээ. Татарский Телеграм сувагтаа дайны явцын талаар байнга мэдээлж, мөн Оросын төрийн хэвлэлүүдэд ярилцлага өгдөг байсан гэнэ.
Энд дуулгахад, Оросын "Үндэсний бүгд найрамдах арми" гэх бүлгэм Татарскийн үхлийн хариуцлагыг өөрсөд дээрээ авсан юм. Энэ бүлгэмийн талаарх мэдээлэл тун хомс, англи хэл дээрх эх сурвалжууд дээр "партизаны хөдөлгөөн" гэж тодорхойлсон байна. Дээр өгүүлсэн, Дарья Дугинаг хөнөөсөн хэргийн дараа энэ "Үндэсний бүгд найрамдах арми" хэргийн хариуцлагыг өөрсөд дээрээ хүлээж байв.
Г.Бямбасүрэн