АНУ-ын НАСА агентлаг Artemis 2 хөтөлбөрийн хүрээнд 2024 оны сүүлээр сар руу нисэх Orion хөлгийн экипажийн бүрэлдэхүүнийг даваа гарагт танилцуулаа.
Хөлгийн багт Америкийн иргэд болох Рид Уайсмен, Виктор Гловер, Кристина Кох болон Канадын иргэн Жереми Хансен нар багтжээ. НАСА-ийн мэдээлснээр, Orion хөлөг бүхий Space Launch System пуужинг 2024 оны 11 дүгээр сард хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.
Хөлгийн багийнхан 10 өдөр сансарт байх бөгөөд энэ хугацаанд хөлгийн ажиллагааны системийг шалгаж, сансарт экипаж ажиллаж, амьдрахад шаардлагатай технологиудыг турших юм байна. Хөлгийн багийн ахлагч Рид Уайсмений хувьд энэ нь хоёр дахь нислэг болох аж. Тэрбээр 2014 онд Оросын "Союз ТМА-13М" хөлгийн экипажид багтан Олон улсын сансрын станц дээр таван сар байсан гэнэ. Мөн Виктор Гловер ч хоёр дахь удаагаа сансарт нисэх аж. Тэрбээр өмнө нь 2020 онд SpaceX Crew Dragon хөлгийн бүрэлдэхүүнд багтан, Олон улсын сансрын станц дээр таван сарыг өнгөрүүлжээ. Харин Канадын иргэн Хансены хувьд анхны нислэг нь болох юм.
Сар руу хийх нислэгийн багт эмэгтэй сансрын нисэгч багтаж байна. Кристина Кох ч мөн хоёр дахь удаагаа сансарт нисэх бөгөөд өмнө нь 2019 оны гуравдугаар сараас 2020 оны хоёрдугаар сарын хооронд олон улсын сансрын станц дээр 11 сар орчим ажиллажээ.
Энд дуулгахад, Artemis хөтөлбөрийг 2020 оны есдүгээр сард танилцуулж байлаа. Энэ нь 50 жилийн дараа сарны гадаргуу дээр Америкийн сансрын нисэгчдийг буулгах, сар орчмын сансрын станц байгуулах, ирээдүйд саран дээр хүн суурьшуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |