Твиттер гэнэт л логогоо сольж, цэнхэр шувууны оронд нохойн дүрс гарах болжээ. Форбс сэтгүүлийн мэдээлснээр энэ өөрчлөлт хязгаарлагдмал хүрээнд харагдаж байгаа гэнэ.
Тодруулбал, Твиттер Dogecoin криптовалютын бэлгэдэл болсон нохойны зургаар логогоо сольжээ. Твиттер компанийн эзэн Илон Маск ийнхүү логог өөрчилснийг тайлбарлахдаа энэ олон нийтийн сүлжээг худалдан авах санаа төрснийхөө дараахан нэгэн хэрэглэгчтэй харилцаж байсан постны хэсгийг нийтэлсэн байна. Тухайн үед Маскийн дагагчдын нэг нь түүнийг Твиттерийг авч, дараа нь логог нь мемээр солихыг санал болгож байсан аж.
Твиттерийн логоны энэ өөрчлөлт түр зуурынх эсвэл байнга ийм байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин ийм логотой болсны дараа Dogecoin-ы үнэ 30 хувиар нэмэгджээ. Тодруулбал 0,077 долларын үнэтэй байсан энэ коины үнэ Твиттерийн лого өөрчлөгдсөний дараа 0,102 доллар болж нэмэгдсэн байна.
Энд дуулгахад, Твиттерийн цэнхэр шувууны оронд гарч ирж байгаа нохой нь сиба-ину үүлдрийн нохой бөгөөд Илон Маск яг ийм нохойтой юм. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард нохойгоо ерөнхий захирлаар томилсон хэмээн хошигнон бичиж байв.
"Твиттерийн шинэ ерөнхий захирал, гайхалтай. Өнөөх залуугаас хавьгүй дээр. Тоо сайн мэддэг, дээр нь дэгжин" хэмээн Маск нохойныхоо зургийг оруулан, тайлар дээр нь бичиж байв.
Зураг дээр Маскийн Флоки дуудлагат нохойг ширээний ард суулгасан байх бөгөөд хувцас өмсүүлж, хувцсан дээр нь СЕО гэсэн бичигтэй байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |