Тавдугаар сарын наймны өдрөөс эхлэн Японд коронавирусийн халдвартай тэмцэх зарим арга хэмжээг цуцлахаар болжээ. Коронавирусийн халдварын өвчлөлийг ханиад томуутай адилтган үзэх болсноор ийм шийдвэр гаргасан гэж Жапан таймс сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японд ирж буй хүмүүсийг тусгайлан шалгах, шинжилгээ авахыг зогсоохоор болжээ. Харин шинэ штамм бүртгэгдвэл энэ халдварын тархалтыг сааруулах зорилгоор тухай бүрт нь арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.
Өнөөгийн үйлчилж буй журмаар, Японд очсон гадаадын иргэд ДЭМБ-ээс зөвшөөрсөн вакцины гурван тун тариулсныг гэрчлэх баримт бичиг эсвэл тус улс руу явахаас өмнө 72 цагийн дотор хийлгэсэн PCR тестийн хариу үзүүлэх шаардлагатай аж. Түүчлэн VisitJapan сайт руу орж QR код авч, даатгал бүрдүүлэх шаардлагатай юм байна.
Г.Бямбасүрэн